Иошуа 7:1–26

  • Израйлчууд Аи хотынхонд ялагдав (1-5)

  • Иошуагийн залбирал (6-9)

  • Израйл нүгэл үйлдэж ялагдав (10-15)

  • Аханы хэрэг илчлэгдэж, түүн рүү чулуу шидэцгээв (16-26)

7  Гэтэл израйлчууд бүрмөсөн устгах ёстой зүйлсийн тухай тушаалыг зөрчиж үнэнч бус загнав. Иуда овгийн, Зерагийн ургийн, Забдигийн ач, Кармигийн хүү Ахан бүрмөсөн устгах ёстой зүйлсээс авсан ажээ. Иймд Ехова израйлчуудад ихэд хилэгнэв.  Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших Бет-авены ойролцоох Аи хот руу хүмүүсээ илгээж «Өгсөн явж, тэр газрыг танд» гэж тушаав. Ингээд тэд явж, Аи хотыг танджээ.  Тэд буцаж ирээд Иошуад «Бүх хүнээ явуулах хэрэггүй юм байна. Аиг эзлэхэд хоёр юм уу гурван мянган хүн байхад л болно. Тэнд цөөхөн хүн оршин суудаг юм байна. Бүх хүнээ явуулж бүү туйлдуул» гэж хэлэв.  Ингээд 3 000 орчим хүн тийшээ явсан боловч Аи хотын хүмүүсээс зугтахад хүрэв.  Аин хүмүүс израйлчуудыг хотынхоо хаалганы гаднаас Шебарим хүртэл уруу газраар элдэж хөөн 36 хүнийг нь хөнөөсөн юм. Үүний улмаас израйлчуудын зүрх үхэж, зориг нь мохжээ.  Тэгэхэд Иошуа хувцсаа ураад Еховагийн авдрын урд орой болтол доош харж хэвтэв. Израйлын ахлагчид ч тийн үйлджээ. Иошуа болон Израйлын ахлагчид толгой дээрээ шороо цацаж байлаа.  Иошуа: «Ээ халаг, Хэмжээгүй эрхт эзэн Ехова, та юунд биднийг Иорданы цаад талаас энэ хүртэл авчирсан юм бэ? Аморичуудын гарт тушааж, устгуулах гэж л авчирсан юм уу? Иорданы нөгөө талд* үлдсэн бол дээр байж!  Намайг өршөөгөөрэй Ехова, Израйл дайснуудаасаа зугтсанаас хойш би одоо юу гэх вэ дээ.  Канаанчууд болон энэ нутгийн бүх оршин суугч энэ тухай сонсоод биднийг бүсэлж аван бидний нэрийг газрын хөрснөөс арчихад та агуу нэрийнхээ төлөө юу хийх вэ?» гэжээ. 10  Ехова Иошуад «Босогтун! Чи юунд түрүүлгээ харан хэвтэнэ вэ? 11  Израйл нүгэл үйлдсэн. Сахь хэмээн тушаасан гэрээг минь тэд зөрчлөө. Тэд бүрмөсөн устгах ёстой зүйлсээс хулгайлж аваад эд зүйлийнхээ дунд нуусан юм. 12  Иймээс израйлчууд дайснаа сөрөн зогсож чадахгүй. Дайснууддаа нуруугаа харуулан зугтана. Яагаад гэвэл тэд өөрсдөө бүрмөсөн устгагдвал таарсан хүмүүс болжээ. Та нар бүрмөсөн устгах ёстой зүйлсийг дундаасаа устгахгүй бол би та нарт дахин туслахгүй. 13  Босож, ард олныг ариусгагтун! Тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Израйлын Бурхан Ехова ингэж айлдаж байна. «Израйл аа, та нарын дунд бүрмөсөн устгах ёстой зүйлс байна. Та нар бүрмөсөн устгах ёстой зүйлсийг дундаасаа зайлуулахаас нааш дайснуудаа сөрөн зогсож чадахгүй. 14  Та нар өглөө овог овгоороо цуглар. Еховагийн сонгох овог ураг ургаараа гарч ирэг. Еховагийн сонгох ураг бүл бүлээрээ гарч ирэг. Еховагийн сонгох бүлийн хүмүүс нэг нэгээрээ гарч ирэг. 15  Бүрмөсөн устгах ёстой зүйлсийг авсан хүн илчлэгдэхэд тэр хүнийг бүх юмтай нь шатаа. Яагаад гэвэл тэрбээр Еховагийн гэрээг зөрчиж, Израйлд ичгүүрт хэрэг үйлдсэн юм»” гэж хэлэгтүн» хэмээв. 16  Ингээд Иошуа маргааш өглөө нь эрт босож, Израйлыг овог овгоор нь цуглуулахад Иуда овог сонгогдов. 17  Иуда овгийнхон ураг ургаараа урагш гарахад Зерагийн ураг сонгогдов. Дараа нь Зерагийн ураг урагш гарахад Забдигийн бүл сонгогдов. 18  Эцэст нь Забдигийн бүлийн хүн бүр урагш гарахад Ахан сонгогдов. Ахан бол Иуда овгийн, Зерагийн ургийн, Забдигийн ач, Кармигийн хүү юм. 19  Тэгэхэд Иошуа Аханд «Хүү минь, чамаас гуйя. Израйлын Бурхан Еховаг хүндэлж, түүнд нүглээ илчил. Юу хийснээ надад хэл дээ. Надаас бүү нуу!» гэжээ. 20  Ахан Иошуад «Израйлын Бурхан Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн минь үнэн. Би юу хийснээ хэлье. 21  Би олзон дунд Шинарын гоёмсог өмсгөл, 200 шекел* мөнгө, 50 шекел жинтэй алтан гулдмай байхыг хараад шунаж, авсан юм. Тэгээд алт мөнгийг нь доор нь хийгээд майхандаа газарт булчихсан» гэж хариулав. 22  Иошуа тэр даруй элч нарыг илгээхэд тэд Аханы майхан руу гүйж очжээ. Тэр өмсгөлийг майханд нуусан байв. Доор нь алт, мөнгө байлаа. 23  Элч нар тэдгээрийг майхнаас авч Иошуа, израйлчууд дээр авчраад Еховагийн өмнө тавив. 24  Иошуа болон түүнтэй хамт байсан бүх израйл хүн Зерагийн ургийн Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай, хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, ямаа, майхан гээд бүх юмтай нь Ахорын хөндийд авчирчээ. 25  Иошуа: «Чи юунд бидэнд гай тарив? Ехова өнөөдөр чамайг шийтгэнэ» гэлээ. Тэгэхэд израйлчууд бүгдээрээ Ахан руу чулуу шидэцгээгээд дараа нь тэднийг шатаажээ. Ийнхүү тэднийг чулуу шидэж алсан юм. 26  Израйлчууд Аханы дээр том чулуун овоо босгосон бөгөөд тэр нь одоо ч байгаа. Ингээд Еховагийн уур хилэн намдав. Одоог хүртэл тэр газрыг Ахорын* хөндий гэдэг нь ийм учиртай.

Зүүлт

Зүүн талд
1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
«Гамшиг», «тусгаарлалт» гэсэн утгатай.