Ромчуудад бичсэн захидал 7:1–25

  • Хуулиас чөлөөлөгдөх тухай жишээ (1-6)

  • Нүглийг Хуулиас мэдсэн (7-12)

  • Нүгэлтэй тэмцдэг (13-25)

7  Ах дүү нар аа, (хууль мэддэг хүмүүст хэлж байна) Хууль амьд хүнийг захирдаг гэдгийг та нар мэддэггүй юм уу?  Жишээ нь, гэрлэсэн эмэгтэй нөхрийгөө амьд байхад түүнтэй хуулиар холбогддог. Харин нөхөр нь нас барвал нөхрийнхөө хуулиас чөлөөлөгддөг.  Тиймээс нөхрийгөө амьд байхад өөр хүнтэй гэрлэвэл завхайрсан хэрэг. Харин нөхөр нь нас барвал түүний хуулиас чөлөөлөгддөг тул өөр хүнтэй гэрлэлээ гэхэд завхайрсан хэрэг болохгүй.  Ах дүү нар аа, Христийн золиосны ачаар та нар Хуулиас чөлөөлөгдсөн*. Тиймээс үхээд амилсан Христийнх болж, Бурхны төлөө жимс ургуулах ёстой.  Бид махан биеийнхээ хүслийг хангах гэж амьдарч байхдаа хүсэл тачаалаасаа болоод нүгэл үйлддэгийг, нүгэлтэйгээсээ болоод үхдэгийг Хуулийн ачаар ойлгосон.  Гэхдээ биднийг ноёлж байсан Хуулийн хувьд үхсэн учраас одоо Хуулиас чөлөөлөгдсөн. Тиймээс бид эрт дээр үед бичигдсэн хуулийн ачаар биш, харин агуу хүчнийх нь удирдлагаар Бурхны боол болох юм.  Тэгвэл бид юу гэж ойлгох ёстой вэ? Хууль нь нүгэл юм уу? Огт тийм биш ээ! Хууль байгаагүй бол би нүглийн тухай мэдэхгүй байх байлаа. Тухайлбал, «Бүү шуна» гэж Хуульд заагаагүй байсан бол би шунал гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ.  Гэхдээ нүгэл нь хуулиар далимдуулан намайг захирахад би юм юманд шунасан*. Хуульгүй бол нүгэл үхмэл байх байсан.  Үнэндээ, хуульгүй үед би амьд байсан. Харин хууль бий болоход нүгэлтэй минь тодорхой болж, би үхсэн. 10  Амь руу хөтлөх ёстой байсан хууль үхэл рүү хөтөлснийг би ухаарсан юм. 11  Учир нь хуулиар далимдуулан нүгэл намайг хуурч мэхлээд хуулиар алсан. 12  Тэгэхээр, Хууль ариун, хуульд байдаг тушаал ч ариун, шударга, сайн. 13  Тэгвэл сайн юмнаас болж би үхсэн үү? Үгүй ээ, харин нүглээс болж би үхсэн. Нүгэл сайн юмаар намайг алсан. Нүгэл гэж юу болох нь үүнээс харагддаг бөгөөд нүглийн уршгийг хууль илчилдэг. 14  Учир нь Хууль бол Бурхных гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. 15  Би юу хийж байгаагаа ойлгодоггүй. Яагаад гэвэл би хүсдэг юмаа биш, үзэн яддаг юмаа хийдэг. 16  Хууль сайн гэдгийг би хүлээн зөвшөөрдөг боловч хүсдэггүй юмаа хийдэг. 17  Гэхдээ үүнийг би хийдэг юм биш, харин миний дотор байдаг нүгэл үүнийг хийдэг юм. 18  Учир нь миний дотор буюу махан биед минь ямар ч сайн юм байдаггүйг би мэднэ. Сайныг хийхийг хүсдэг ч хийж чаддаггүй. 19  Би хүсдэг сайн юмаа хийдэггүй атлаа хүсдэггүй муу юмаа хийчихдэг. 20  Тэгэхээр, би хүсдэггүй юмаа хийж байгаа бол тэр нь би биш, харин миний дотор байдаг нүгэл юм. 21  Миний дотор ийм хууль байдгийг би мэдлээ. Юу гэвэл, сайныг хийхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг ажээ. 22  Би дотроо Бурхны хуульд их баярладаг. 23  Гэвч миний биед өөр хууль байдаг. Нүглийн энэ хууль оюун ухаанд минь байдаг Бурхны хуультай дайтаж, намайг хоригдлоо болгодог. 24  Би ямар өрөвдөлтэй хүн бэ? Үхэл рүү хөтөлдөг энэ биеэс хэн намайг аврах вэ? 25  Бидний Эзэн Есүс Христээр дамжуулан намайг аврах Бурхандаа талархаж байна! Иймд би оюун ухаанаараа Бурхны хуулийн боол, харин махан биеэрээ нүглийн хуулийн боол юм.

Зүүлт

Үгч. «Хуулийн хувьд үхсэн»
Үгч. «шуналын бүх төрлийг надад бий болгосон»