Skip to content

Библи хүнийг өөрчилдөг

Библи хүнийг өөрчилдөг

БУРХАН шашин гэдэггүй, ажил мэргэжлээ анхаарч, амжилттай явсан залуу бүсгүй хэрхэн амьдралын жинхэнэ утга учрыг олсон бол? Католик шашинтай нэг залуу ямар учраас үхлийн тухай сонирхож амьдралаа өөрчилсөн бэ? Амьдралын сайн сайхныг мэдэрдэггүй байсан нэг залуу Бурхны тухай мэдэж үйлчлэгч нь болсны учир юу вэ? Тэдний юу гэж хэлснийг сонирхъё.

«“Хүн ер нь яах гэж амьдардаг юм бол?” гэдэг асуулт намайг олон жил зовоосон»—РОСАЛИНД ЖОН

  • ТӨРСӨН ОН: 1963

  • УЛС: БРИТАНИ

  • ӨМНӨ НЬ: САЙХАН АЖИЛТАЙДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Лондоны өмнөд хэсгийн Кройдон дүүрэгт есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь болж төрсөн. Аав ээжийн маань уугуул нутаг бол Карибын тэнгисийн Сент-Винсент арал юм. Ээж маань методист сүмд явдаг байлаа. Би аливаа юмыг мэдэж таних туйлын их хүсэлтэй байсан ч Бурхны тухай нэг л сонирхдоггүй байсан юм. Хичээл амардаг үеэр нуурын эрэг дээр суугаад номын сангаас зээлж авсан номуудаа уншдаг байлаа.

Сургуулиа төгсөөд хэдэн жилийн дараа нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст туслах хүсэлтэйгээ ойлгов. Тэгээд орон гэргүй, оюуны юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг ажил хийж эхэлсэн. Би шинжлэх ухаан техникийг анагаахын салбартай хослуулж судлахаар их сургуульд орлоо. Сургуулиа төгсөөд сайн ажилтай болж, гайхалтай хурдан тушаал дэвшиж, тансаг сайхан амьдрах болсон. Менежментийн чөлөөт зөвлөх, нийгэм судлаачийн ажлаа хийхэд компьютер, интернэт байхад л хангалттай байв. Хааяа би хэдэн 7 хоногоор гадаад руу нисэж, дуртай зочид буудалдаа бууж, байгалийн сайхныг харж баясдаг, галбираа хадгалах гэж фитнест явж, spa-гаар үйлчлүүлдэг байсан. Би ёстой сайхан амьдарч байна гэж боддог байлаа. Гэхдээ эмзэг бүлгийн хүмүүсийг мартаж чаддаггүй байсан юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

«Хүн ер нь яах гэж амьдардаг юм бол?» гэдэг асуулт намайг олон жил зовоосон. Асуултынхаа хариуг Библиэс олж болдог тухай бодож ч үзээгүй. Тэр үед дүү охин Маргарет маань Еховагийн Гэрч болсон байв. 1999 онд Маргарет нэг Гэрч найзыгаа дагуулаад манайд ирлээ. Найз нь надад их санаа тавьж байсан. Тэгээд Библийн хичээл хийх санал тавихад нь би зөвшөөрчихөж билээ. Даанч ажил амьдралдаа хамаг цагаа зарцуулдаг байсан болохоор ахиц дэвшил гаргадаггүй байлаа.

2002 оны зун би Английн баруун өмнөд хэсэг рүү нүүсэн юм. Тэнд очоод нийгэм судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар их сургуульд орлоо. Тэндхийн Гэрчүүдийн цуглаанд хүүгээ аваад очдог болов. Би хэчнээн дээд боловсрол эзэмшсэн байсан ч хүн төрөлхтний бэрхшээлийн цаад шалтгаан, тэрийг хэрхэн шийдэхийг зөвхөн Библи судалж байж л ойлгосон. Матай 6:24-т байдаг үгийг яг үнэн байна гэж бодсон. Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. Нэг бол Бурхныг, нэг бол эд баялгийг сонгоно. Тэгээд би амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг зүйлээ өөрчлөх шаардлагатайгаа ойлгосон.

Үүнээс жилийн өмнө би айлд бүлгээрээ цугладаг цуглаанд очдог байлаа. Тэр үед Гэрчүүд «Танд санаа тавьдаг Бүтээгч байдаг уу?» * гэдэг номыг судалж байсан. Тэгээд хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээлийг Бүтээгч Ехова Бурхан л шийдвэрлэнэ гэдэгт би итгэсэн. Гэтэл их сургуульд амьдралын утга учир Бүтээгчид итгэх итгэлтэй ямар ч холбоогүй гэж заахад хэчнээн их дургүй хүрсэн гээч. Хоёр сарын дараа сургуулиа хаяж Еховатай дотно болоход илүү их цаг зарцуулахаар шийдсэн.

Амьдралаа өөрчлөхөд минь нөлөөлсөн Библийн зүйл бол Сургаалт үгс 3:5, 6. Тэнд «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж байдаг. Докторын зэрэгтэй болбол эд хөрөнгө, байр суурь нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ хайр халамжтай Бурхныхаа тухай мэдвэл түүнээс хавьгүй илүү ивээл хүртэнэ. Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго болон бидний төлөө амиа золиосолсон Есүсийн үүргийг мэдэх тусам амь амьдралаа Бүтээгчдээ зориулах хүсэл улам бадарсан. Тэгээд 2003 оны 4-р сард баптисм хүртсэн. Дараа нь амьдралаа бага багаар энгийн болгосон.

ОДОО:

Еховатай тогтоосон харьцаа минь надад үнэлж баршгүй их үнэ цэнтэй. Би Еховагийн талаар мэдэж аваад амар тайван, баяр баясгалантай болсон. Бас итгэл нэгтнүүдтэйгээ найзалж нөхөрлөөд үнэхээр жаргалтай байна.

Би одоо ч юм сурч мэдэх гэсэн их хүсэлтэй. Энэ хүслээ бүрэн хангахад минь Библи, цуглаан тусалдаг. Итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярих надад сайхан байдаг. Амьдралын маань эн тэргүүний зүйл энэ болсон. Яагаад гэвэл хүмүүст одоо сайхан амьдрахад нь бас шинэ ертөнцөд амьдрах гайхалтай найдвартай болоход нь тусалж байна. Би 2008 оны 6-р сараас эхлэгчээр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл ихэнх цагаа сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд зориулж байна. Би хэзээ ч ийм жаргалтай байгаагүй ээ. Амьдралын жинхэнэ утга учрыг олсон. Үүний төлөө Еховадаа чин сэтгэлээсээ талархдаг.

«Найзыгаа алдсан маань надад аймшигтай хүнд цохилт болсон»—РОМАН ИРНЕСБЕРГЕР

  • ТӨРСӨН ОН: 1973

  • УЛС: АВСТРИ

  • ӨМНӨ НЬ: МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧИН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Австрийн Браунау гэдэг жижиг боловч чинээлэг хотод өссөн. Гэмт хэрэг гардаггүй тайван хот л доо. Манай гэрийнхэн католик шашинтай болохоор би ч бас католик шашинтай хүн болж өссөн.

Хүүхэд байхад минь болсон нэг явдал надад хүчтэй нөлөөлсөн. Энэ явдал 1984 онд намайг 11-тэй байхад болсон юм. Өглөө нь би нэг дотнынхоо найзтай хөл бөмбөг тоглож байснаа санаж байна. Гэтэл өдөр нь тэр найз маань машинд дайруулаад нас барчихав. Найзыгаа алдсан маань надад аймшигтай хүнд цохилт болсон. Түүнээс хойш хүн үхээд яадаг юм бол гэдэг бодол намайг олон жил зовоосон доо.

Би сургуулиа төгсөөд цахилгаанчин болсон. Хэдийгээр мөрийтэй тоглоомд донтож их хэмжээний мөнгөөр мөрий тавьдаг байсан ч мөнгөгүйн зовлон амсаж байгаагүй ээ. Бас спортод их цаг зарцуулж, хүнд металл, панк рок хөгжимд дурладаг байлаа. Миний амьдрал дисконоос диско, үдэшлэгээс үдэшлэгийн хооронд л өнгөрдөг байв. Амьдрал минь ёс журамгүй зугаа цэнгэлээр дүүрэн байсан ч сэтгэл нэг л хоосон оргидог байж билээ.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

1995 онд настай Гэрч эрэгтэй хаалгыг минь тогшоод, үхлийн тухай Библиэс тайлбарласан ном санал болгов. Багын найзын минь үхэл сэтгэлийг минь зовоосоор байсан тул би тэр номыг авлаа. Үхлийн талаар тайлбарласан бүлгийг төдийгүй тэр номыг бүгдийг нь уншиж дуусгасан.

Олон жил намайг зовоосон асуултынхаа хариуг ингэж нэг олсон доо. Өөр зөндөө их юм мэдэж авсан. Би католик шашинтай байсан болохоор зөвхөн Есүст л итгэдэг байлаа. Харин Библийг нямбай судлаад Есүсийн Эцэг Ехова Бурхантай илүү дотноссон. Ехова бол нууцлаг Бурхан биш, өөрийг нь хайдаг хүмүүст өөрийгөө илчилдэг Бурхан гэдгийг мэдээд би үнэхээр гайхсан (Матай 7:7–11). Бас Ехова сэтгэл мэдрэмжтэй Бурхан юм билээ. Хэлсэн үгэндээ заавал хүрдгийг нь мэдсэн. Ингээд би Библийн зөгнөлүүдийг сонирхож, яаж биелснийг нь судлаад Бурханд бүр ч их итгэх болсон.

Зөвхөн Еховагийн Гэрчүүд л хүмүүст Библийг ойлгуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг юм байна гэдгийг удалгүй ойлгосон. Гэрчүүдийн хэвлэлд олон Библийн зүйл заасан байдгийг анзаараад католик Библиэсээ уншиж үзэв. Судлах тусам үнэнийг олсон гэдэгтээ улам бүр итгэсэн.

Ехова намайг өөрийнх нь тогтоосон хэм хэмжээний дагуу амьдраасай гэж хүсдэгийг Библи судлах явцдаа мэдэж авсан. Би Эфэс 4:22–24 уншаад намайг «буруу зам руу хөтөлж байсан хуучин хүнээ хувцас мэт тайлж», «Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөх» ёстойгоо ойлгов. Тэгээд би ёс журамгүй амьдралаа орхихоор шийдлээ. Түүнээс гадна мөрийтэй тоглохоо болихгүй бол эд хөрөнгийг чухалд үздэг шуналтай хүн болно гэдгийг мэдэж авсан (1 Коринт 6:9, 10). Ийм өөрчлөлт хийхийн тулд хуучин найзуудаасаа салж, надтай адилхан хэм хэмжээ баримталдаг шинэ найз нөхөдтэй болох ёстой байлаа.

Энэ нь амар байгаагүй. Гэхдээ Гэрчүүдийн цуглаанд явж эхэлснээр олон шинэ найзтай болсон. Бас Библиэ бие дааж нямбай судлаад л байсан. Яваандаа сонсдог хөгжим, амьдралын зорилго, гадаад төрхөө өөрчилсөн. 1995 онд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО:

Одоо би мөнгө төгрөг эд хөрөнгөнд дүн нуруутай ханддаг болсон. Зан чанар маань ч өөрчлөгдсөн. Өмнө нь түргэн ууртай байсан бол одоо тайван болсон. Бас ирээдүйн талаар хэтэрхий их санаа зовохоо больсон.

Би Еховагийн үйлчлэгчдээс бүрддэг олон улсын гэр бүлийн гишүүн болсондоо баяртай явдаг. Тэдний дунд янз бүрийн бэрхшээлтэй ч Бурханд үнэнч үйлчилдэг хүмүүс олон байдаг. Одоо би өмнөх шигээ зугаа цэнгэл хөөж амьдрахаа больсон. Өөртөө байгаа цаг хүчээ Ехова Бурхандаа үйлчлэх, бусад хүмүүст туслахад зориулдаг болсон. Үүнээс илүү жаргал гэж үгүй.

«Ингэж нэг утга учиртай амьдрах болсон доо»—ИАН КИНГ

  • ТӨРСӨН ОН: 1963

  • УЛС: АНГЛИ

  • ӨМНӨ НЬ: АМЬДРАЛЫН САЙН САЙХНЫГ МЭДЭРДЭГГҮЙ БАЙСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Англид төрсөн боловч намайг 7-той байхад манайх Австрали руу нүүсэн юм. Тэгээд Австралийн Квийнслэндийн жуулчдын бүс болох Голд-Кост гэдэг газар суурьшсан. Манайх хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй жирийн л айл байсан.

Амьдралд маань дутах юм байгаагүй ч би ерөөсөө сэтгэл хангалуун байж үзээгүй. Амьдралын сайн сайхныг огтхон ч мэдэрдэггүй байв. Аав минь архи их уудаг хүн байлаа. Дандаа согтуу явна. Ээжтэй маань муухай харьцана. Тийм болохоор би аавдаа дургүй байсан. Харин бүр сүүлд яагаад тэгдгийнх нь учрыг мэдсэн. Малайяд цэрэгт байхдаа янз бүрийн л юм үзсэн юм билээ.

Би ахлах сургуульд байхдаа архинд орсон. 16-тайдаа сургуулиа хаяж, тэнгисийн цэрэгт элсэв. Мансууруулах бодис хэрэглэдэг болж, тамхигүйгээр байж чадахаа больсон. Архинд улам бүр донтож, урьд нь амралтын өдрүүдээр л уудаг байсан бол сүүлдээ өдөр алгасалгүй уудаг болсон.

20 арай хүрээгүй байхдаа «Бурхан байдаг юм болов уу? Хэрвээ байдаг юм бол хүмүүс яагаад зовоод, үхээд байдаг юм бол?» гэж боддог болов. Тэр байтугай дэлхий ертөнцөд болж байгаа бүх муу муухай бүхний бурууг Бурханд тохсон шүлэг хүртэл бичсэн.

23 настайдаа тэнгисийн цэргээс гарсан. Дараа нь янз бүрийн ажил хийсэн. Бүр нэг жилийн хугацаатай гадаадад ч аялж үзсэн. Тэглээ гээд сэтгэл минь сэргээгүй. Зорилготой байя, ямар нэг юм хийж бүтээе гэсэн хүсэл огт байгаагүй. Сэтгэл минь юунд ч татагддаггүй байлаа. Гэр оронтой, баталгаатай ажилтай, цалин урамшуулал их байсан ч бүгд утгагүй санагддаг байлаа. Архи ууж хөгжим сонсож л тайвширдаг байсан.

Утга учиртай амьдаръя гэсэн маш хүчтэй хүсэл хэзээ төрснийг би тод санадаг. Нэг удаа Польшид очиж аймшигтай гэдгээрээ алдартай Аушвицын хорих лагерь үзсэн юм. Ямар муухай харгис хэрцгий юм болж байсныг би номоос л уншиж байсан. Гэхдээ газар дээр нь очоод, тийм том хорих байгууламжийг хараад сэтгэл маш их өвдсөн. Хүн хүндээ яаж тийм муухай харгис хандаж чадаж байна аа гэж гайхсан. «Яагаад?» гэж асуун нулимс цийлэгнүүлээд явж байснаа санадаг юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Би 1993 онд хилийн чанадаас буцаж ирээд асуултынхаа хариуг олохоор Библи уншиж эхэлсэн юм. Тэгтэл удалгүй Еховагийн хоёр Гэрч хаалгыг минь тогшлоо. Ойролцоох стадионд болох чуулганд урихад нь би очихоор болсон.

Би яг тэр стадионд хэдэн сарын өмнө тэмцээн үзэхээр очиж байсан юм. Гэтэл чуулганы уур амьсгал шал өөр байлаа. Гэрчүүд их эелдэг боловсон, сайхан хувцасласан хүмүүс байв. Үдийн цайны дараа би нэг зүйлийг хараад их гайхаж билээ. Хэдэн зуун Гэрч тоглолтын талбай дээр цуглаж үдийн цайгаа уусан. Дуусаад тус тусынхаа суудал руу явсан ч талбай дээр нэг ч хог үлдээгүй нь намайг үнэхээр гайхшируулсан. Түүнээс гадна Гэрчүүд сэтгэл хангалуун, тайван тогтуун хүмүүс шиг санагдсан. Би яг үүнийг л хайж хүсэж явсан хүн шүү дээ. Тэр өдөр чухам ямар илтгэл сонссоноо санадаггүй юм. Гэхдээ Гэрчүүдийн биеэ яаж авч явж байсныг ерөөсөө мартдаггүй.

Тэгээд тэр оройдоо би янз бүрийн шашин судалдаг, Библи уншдаг үеэлийнхээ тухай бодсон юм. Есүс жинхэнэ шашныхныг үр жимсээр нь таньж болно гэж хэлсэн байдгийг тэр үеэл маань надад хэдэн жилийн өмнө ярьж өгч байсан (Матай 7:15–20). Тэгээд би Гэрчүүд бусдаас яагаад тийм өөр байдгийг олж мэдье гэж бодлоо. Анх удаа л сэтгэлд минь гэрэл тусаж найдвар төрөх шиг болов.

Надад чуулганы урилга өгсөн хоёр Гэрч дараагийн 7 хоногт нь дахиад манайд ирсэн юм. Библийн хичээл санал болгоход нь би зөвшөөрлөө. Бас тэд нартай хамт Гэрчүүдийн цуглаанд очдог боллоо.

Библи судлаад Бурхны талаарх үзэл бодол минь бүрэн өөрчлөгдсөн. Бас зовлон зүдүүр, муу муухай бүхнийг Бурхан учруулдаггүй, хүмүүсийг муу юм хийхэд Бурхны сэтгэл өвддөг гэдгийг мэдэж авсан (Эхлэл 6:6; Дуулал 78:40, 41). Тийм учраас Еховаг хэзээ ч гомдоохгүй, харин баярлуулж явъя гэж бат шийдлээ (Сургаалт үгс 27:11). Архи, тамхиа хаяж, ёс журамгүй амьдрахаа болив. Ингээд би 1994 оны 3-р сард баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО:

Одоо би жинхэнээсээ сэтгэл хангалуун жаргалтай амьдарч байна. Тэр бүү хэл асуудал бэрхшээлээ мартах гэж архи уудгаа больсон. Ачаагаа Еховад даатгаж сурсан болохоор тэр (Дуулал 55:22).

Би Карен гэдэг сайхан Гэрч бүсгүйтэй гэрлээд 10 жил болж байна. Карений маань охин Нелла бидэнтэй хамт амьдардаг. Бид гурав хүмүүст Еховагийн тухай зааж дэлгэрүүлэх ажилд ихэнх цагаа зориулдаг. Ингэж нэг утга учиртай амьдрах болсон доо.

^ д/м 11 Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.