Skip to content

Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!

Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!

Хаанчлалын мэдээ №37

Бүх хүнд дуулгах мэдээ

Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!

▪ Ямар шашныг хуурамч шашин гэдэг вэ?

▪ Хуурамч шашны төгсгөл яаж ирэх вэ?

▪ Энэ явдал танд ямар хамаатай вэ?

Ямар шашныг хуурамч шашин гэдэг вэ?

Шашны нэрээр үйлдэгддэг элдэв ёс бус явдлаас болж сэтгэл тань эмзэглэдэг үү? Бурхан шүтдэг гэх хүмүүс дайн тулаанд оролцож, террорист халдлага үйлдэн, хээл хахуульд автдаг нь шударга ёсыг эрхэмлэдэг таны сэтгэлийг гонсойлгодог уу? Өчнөөн олон зовлон бэрхшээлийн уг үндэс нь шашин юм шиг санагддагийн учир юу вэ?

Гэхдээ энэ бүгдийн хариуцлагыг гагцхүү хуурамч шашин хүлээхээс бус, шашин бүхэлдээ хүлээхгүй. Хүний түүхэнд нэрээ үлдээсэн, шашны нэрт зүтгэлтэн Есүс Христ «муу модноос муу үр жимс ургадаг» шиг хуурамч шашин муу үйл хийдгийг тэмдэглэжээ (Библийн «Матай» номын 7-р бүлгийн 15—17-р зүйлийг үзнэ үү). Тэгвэл хуурамч шашин ямар «үр жимс» ургуулдаг вэ?

Хуурамч шашин:

ДАЙН, УЛС ТӨРД ХУТГАЛДАН ОРОЛЦДОГ. «Эрх мэдэлд шунасан шашны удирдагчид дайн дажныг дэвэргэн, олон түмний сүсэг бишрэлийг хувийн сонирхолдоо зүй бусаар ашиглаж байгаа нь Ази тивд төдийгүй газар сайгүй ажиглагддаг. Нийгэм удахгүй хөл толгойгоо алдах нь байна» хэмээн нэгэн томоохон сэтгүүлд тэмдэглэжээ («Asiaweek»). АНУ-ын нэг том санваартан: «Аллагыг зогсооё гэвэл террористуудыг алах хэрэгтэй болж байна» гээд, «Бурхны нэрээр тэднийг бүгдийг нь арчин хаях» саналтайгаа мэдэгджээ. Гэтэл Библид: «Хэрэв хэн нэгэн нь: „Би Бурхныг хайрладаг“ гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч» гэж бичсэн байдаг (1 Иохан 4:20). Тэр байтугай, «Дайснуудаа хайрла» хэмээн Есүс хэлсэн (Матай 5:44). Тэгвэл, сүсэгтэн олон нь дайнд огт оролцдоггүй шашин чухам хэд байдгийг та мэдэх үү?

ХУУРАМЧ СУРГААЛ НОМЛОДОГ. Олон шашин үхэшгүй мөнхийн сүнс, хойт нас байдаг гэж сургадаг. Ийм сургаалаар сүсэгтэн олноо мэхэлж, сүнс нь төөрсөн хүмүүсийн төлөө залбирах нэрийдлээр мөнгө салгаж авдаг. Харин Библийн сургаал огт өөр. «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй» гэж Библид бичсэн байдаг (Номлогчийн үгс 9:5). Есүс, нас барагсад дахин амилна гэж сургадаг байсан. Хүнийг нас барсны дараа сүнс нь амьд үлддэг юм бол тэр хүнийг дахин амилуулах шаардлага гарна гэж үү? (Иохан 11:11—25). Таны шүтдэг шашин хүнийг нас барахад бие нь үхэж, сүнс нь амьд үлддэг гэж номлодог уу?

САДАР САМУУНЫГ ХҮЛЦЭЖ ӨНГӨРҮҮЛДЭГ. Барууны орнуудад шашны зарим урсгал ижил хүйстэнтэйгээ явалддаг хүмүүст сахил санваар хүртээдгээр барахгүй ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг төр засгаасаа шаарддаг. Тэр бүү хэл, садар самууныг буруушаадаг шашны урсгалууд ч хүүхдийг садар самуунд уруу татсан лам хуврагуудтайгаа хариуцлага тооцдоггүй. Гэтэл Библи: «Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч... Бурхны хаанчлалыг өвлөхгүй» гэж шулуухан хэлдэг (1 Коринт 6:9, 10). Та садар самууныг цээрлэдэг шашныг мэдэх үү?

«Муу үр жимс ургуулдаг» шашин ирээдүйд яах вэ? Есүс: «Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг» гэж хэлсэн (Матай 7:19). Тийм ээ, муу модыг огтолж галд хаядаг шиг хуурамч шашныг устгана! Гэхдээ энэ үйл явдал хэзээ, хэрхэн болох вэ? Энэ асуултын хариуг мэдэхийн тулд Библийн «Илчлэлт» номын 17, 18-р бүлэгт бичсэн хуурамч шашны ирээдүйн тухай зөгнөлийг авч үзье.

Хуурамч шашны төгсгөл яаж ирэх вэ?

«Илчлэлт» номд бичсэнээр, аймшигт араатны нуруун дээр нэгэн янхан сууж байх бөгөөд араатан нь долоон толгойтой, арван эвэртэй ажээ (Илчлэлт 17:1—4). Энэ «янхан» юуг төлөөлдөг вэ? Нил ягаан өнгийн хувцастай, хагартлаа баяжсан тэр эмэгтэй «дэлхийн хаадад» нөлөөлөх чадалтай бөгөөд утлага уугиулах аж. Бас ид шид үйлдэн «бүх үндэстнийг мэхэлжээ» (Илчлэлт 17:18; 18:12, 13, 23). «Янхан эм» дэлхий дахины хуурамч шашны тогтолцоо буюу «муу үр жимс ургуулдаг» бүх шашныг төлөөлдөг болохыг Библийн тусламжтайгаар ойлгож болно.

«Янхан эмийн» унасан «араатан» нь дэлхий дахины улс төрийн тогтолцоог бэлэгддэг * (Илчлэлт 17:10—13). Хуурамч шашин тэрхүү бэлэгдлийн араатныг унадаг гэдэг нь шийдвэр гаргахад нь нөлөөлж, чиг хандлагыг нь хянаж байдаг гэсэн үг юм.

Гэхдээ удахгүй гайхмаар үйл явдал болж, «арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах» ажээ (Илчлэлт 17:16). Дэлхийн улс төрийн хүчнүүд олон түмнийг цочирдуулан, хуурамч шашин руу гэнэт довтолж, бүрмөсөн устгана! «Илчлэлт» номд цааш нь: «Бурхан Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тэдний зүрхэнд үүнийг хийсэн юм» хэмээн уг үйл явдлын шалтгааныг заажээ (Илчлэлт 17:17). Тийм ээ, Бурхан өөрийнх нь нэрээр үйлдсэн бүх жигшүүрт хэргийнх нь төлөө хуурамч шашинтай хариуцлага тооцно. Бурхан шударга ёсны дагуу арга хэмжээ авч, хуурамч шашныг устгахдаа «нууц амрагуудыг» нь буюу улс төрийн хүчнүүдийг ашиглана.

Хуурамч шашныг хүлээж буй аймшигт явдалд өртөхгүйн тулд яах ёстой вэ? Бурхны элч: «Миний ард түмэн, ...түүнээс гарагтун» гэж уриалдаг (Илчлэлт 18:4). Хуурамч шашнаас гарах цаг яг одоо болчихоод байна! Тэгээд яах вэ? Бурхан шүтэхээ болих уу? Үгүй ээ. Учир нь Библид бичсэнээр, Бурхан шүтдэггүй хүмүүс бас ирээдүйгүй (2 Тесалоник 1:6—9). Цорын ганц «хоргодох газар» бол жинхэнэ шашин мөн! Тэгвэл жинхэнэ шашныг яаж таних вэ?

Жинхэнэ шашныг яаж таних вэ?

Жинхэнэ шашин ямар «сайн үр жимс» ургуулдаг вэ? (Матай 7:17).

Жинхэнэ шашин:

ХАЙРЫГ ЭРХЭМЛЭДЭГ. Жинхэнэ шашин шүтдэг хүмүүс «ертөнцийнх биш». Өөрөөр хэлбэл, бусдыг арьс өнгө, соёл боловсролоор нь ялгаварлан гадуурхалгүй, «бие биеэ хайрладаг» (Иохан 13:35; 17:16; Үйлс 10:34, 35). Тэд хүн алдаггүй. Харин ч, шаардлагатай үед нэг нь нөгөөгийнхөө төлөө амиа зориулахад бэлэн байдаг (1 Иохан 3:16).

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЧАНД БАРИМТАЛДАГ. Жинхэнэ шашны сургаал «хүнээс гарсан тушаал заавар», «ёс заншилд» бус, гагцхүү Бурхны Үг буюу Библид үндэслэдэг (Матай 15:6—9). Учир нь «тэр номын бүх үг Бурхны онгод оруулан бичүүлсэн үг бөгөөд хүмүүжүүлэхэд, бурууг засахад, Бурханд таалагдах амьдралыг заахад тустай» (2 Тимот 3:16, ОҮМБОХ, 2005 он).

ГЭР БҮЛИЙН ХОЛБООГ БЭХЖҮҮЛЖ, ЁС СУРТАХУУНЫ ӨНДӨР ХЭМ ХЭМЖЭЭ БАРИМТАЛДАГ. Жинхэнэ шашин нөхөр хүнд эхнэрээ өөрийн бие адил хайрлахыг, эхнэр хүнд нөхрөө гүн хүндэтгэхийг, хүүхэд багачуудад эцэг эхдээ дуулгавартай байхыг сургадаг (Ефес 5:28, 33; 6:1). Сүсэгтнүүдийнхээ дунд өндөр үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүс нь ёс суртахууны асуудлаар биеэ үлгэр жишээ авч явдаг (1 Тимот 3:1—10).

Эдгээр шаардлагыг хангадаг шашин бий юү? 2001 онд гарсан «Аймаглан устгах бодлого» нэртэй номд: «Хэрэв илүү олон хүн Еховагийн Гэрчүүдийн сургаал номлолыг баримталж, үйл хэргийг нь дуурайдаг байсан бол дэлхийн ІІ дайны үед гарсан шиг аймаглан устгах явдал гарахгүй байсан бөгөөд ийм хөнөөлт явдал дэлхий нийтэд дахин тохиолдохгүй» хэмээн тэмдэглэжээ («Holocaust Politics»).

Тийм ээ, Еховагийн Гэрчүүд Библийн ёс суртахууны хэм хэмжээний талаар 235 орны хүмүүст ярьж таниулдаг төдийгүй өөрсдөө тэр дагуу амьдардаг. Та ч гэсэн Бурхны шаардлагыг мэдээд, зөв шүтэж, таалалд нь багтахыг хүсэж байгаа бол Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгахыг зөвлөж байна. Цаг алдалгүй, нэн даруй шийдэгтүн. Учир нь, хуурамч шашны төгсгөл ойрхон байна! (Зефаниа 2:2, 3).

Еховагийн Гэрчүүд бидний хүргэдэг, Библийн мэдээтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх хаягаар бидэнд хандаарай.

□ Би «Сонор сэрэмжтэй байгтун!» товхимол авмаар байна.

□ Би Библийн хичээл үнэ төлбөргүй заалгамаар байна.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Сонор сэрэмжтэй байгтун!» товхимлын 12, 13-р хуудаснаас энэ сэдвийн дэлгэрэнгүй тайлбарыг үзнэ үү.

[3-р хуудасны товчлол]

«Миний ард түмэн, ...түүнээс гарагтун»

[3-р хуудасны товчлол]

Хуурамч шашин «дэлхийн хаадад» нөлөөлөх чадалтай