Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 5

Томчуудын заавар зөвлөгөө

Томчуудын заавар зөвлөгөө

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Хүүхдэд томчуудын заавар зөвлөгөө хэрэгтэй. Тэдний хамгийн сайн зөвлөгч бол эцэг эх юм. Гэхдээ эцэг эхээс өөр хүн бас тэдэнд заавар зөвлөгөө өгч болдог.

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Олон оронд хүүхэд залуус томчуудтай бараг харьцдаггүй. Жишээ нь:

  • Хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөдөг. Тэнд багш нар, томчуудаас илүү хүүхдүүд их байдаг.

  • Хичээлээ тараад харилаа ч аав ээж нь хоёулаа ажилдаа явчихсан, гэртээ ганцаараа байдаг.

  • АНУ-д явуулсан нэг судалгаанаас үзвэл 8–12 насны хүүхдүүд өдөрт дунджаар 6 орчим цагийг зурагт үзэж, хөгжим сонсож, видео тоглоом тоглож өнгөрүүлдэг байна. *

Нэгэн номд «Хүүхдүүд заавар зөвлөгөө, үлгэр дуурайлыг эцэг эх, багш, бусад том хүнээс биш үеийнхээ хүүхдүүдээс авдаг (Hold On to Your Kids).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хүүхдэдээ цаг гаргаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй» (Сургаалт үгс 22:6).

Хүүхэд заавар зөвлөгөө авахаар бол хамгийн түрүүнд эцэг эхдээ ханддаг. Тэд өсвөр насанд шилжих үедээ ч, үеийнхээ хүүхдүүдийн биш, эцэг эхийнхээ үгийг илүү сонсох дуртай байдаг гэж мэргэжилтнүүд хэлдэг. «Хүүхэд ямар зан чанартай, ямар хандлагатай хүн болох вэ гэдэг нь өсвөр наснаас, насанд хүрэх үед нь эцэг эхчүүд ямар нөлөө үзүүлснээс ихээхэн шалтгаалдаг. Өсвөр насны хүүхэд таны юу бодож санаж байгааг мэдэхийг хүсдэг. Тантай бүх зүйл дээр санал нийлдэггүй ч үгийг тань сонсохыг хүсдэг» гэж Лоуренс Штейнберг номдоо бичжээ (You and Your Adolescent).

Хүүхэд эцэг эхээсээ заавар зөвлөгөө авах хүсэлтэй байдгийг санан, туслахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Хүүхдэдээ цаг гаргаж санаа бодол, эрхэмлэдэг зүйл болон мэдлэг туршлагаа хуваалцаарай.

Заавар зөвлөгөө өгөх өөр хүнээс тусламж аваарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» (Сургаалт үгс 13:20).

Хүүхдэд тань зөв үлгэр дуурайл болохоор хүнийг та мэдэх үү? Тийм хүнтэй хүүхдээ нөхөрлүүлж болно шүү дээ. Энэ нь эцэг эхийн үүргээ тэр хүнд өгнө гэсэн үг биш ээ. Хүүхдэд тань гэм хор хүргэхгүй, итгэл хүлээсэн хүн таны хүүхдэд урам өгч, зааж сургаж болох юм. Библид, насанд хүрсэн Тимот хүртэл Паултай нөхөрлөж, бие биеэ урамшуулж байсан тухай гардаг (Филиппой 2:20, 22).

Өнөө үед хамаатнууд тус тусдаа амьдрах болжээ. Өвөө эмээ, ах, дүү нар нэг дор амьдрахаа больсон. Хэрэв та бас ах дүүгээсээ хол амьдардаг бол, үлгэр жишээ болохуйц өөр хүнээс суралцах боломжийг хүүхдэдээ олгоорой.

^ д/м 9 Өсвөр насны хүүхдүүд өдөрт дунджаар 9 цагийг зурагт үзэж, хөгжим сонсож, видео тоглоом тоглож өнгөрүүлдэг. Энэ тоо баримтад хүүхдийн сургууль дээрээ интернэт хэрэглэсэн цагийг болон гэрийн даалгавраа хийсэн цагийг оруулаагүй.