Skip to content

«Экстрим спорт». Амь насаа ингэж эрсдэлд оруулахын хэрэг байна уу?

«Экстрим спорт». Амь насаа ингэж эрсдэлд оруулахын хэрэг байна уу?

Бурхны үзэл бодол

«Экстрим спорт». Амь насаа ингэж эрсдэлд оруулахын хэрэг байна уу?

«СҮҮЛИЙН ҮЕД ХҮМҮҮС ЗҮГЭЭР НЭГ ҮЗЭГЧ БАЙХААС ЗАЛХАЖ ОНГОЦНООС ШҮХЭРТЭЙ ҮСРЭХ, ХАДНААС ОЛСООР БУУХ, ХҮРХРЭЭНЭЭС ЗАВИАР БУУХ, МАХЧИН АВАРГА ЗАГАСТАЙ ГАЗРААР ШУМБАХ ГЭХ ЗЭРГИЙГ ӨӨРСДӨӨ ТУРШИЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ БОЛЖЭЭ»(«THE WILLOW GLEN RESIDENT» СОНИН).

ЭНЭХҮҮ сонинд сүүлийн үед хүчээ авч байгаа спортын төрлүүдийн тухай ийнхүү бичжээ. Скайдайвинг буюу онгоцноос үсрэх, мөсөн ууланд авирах, шүхрээр буух, бэйс жампинг (BASE jumping) * гэх зэрэг өндөр эрсдэлтэй спортыг хүмүүс хамгийн их сонирхож байна. Уулын дугуйн спорт, дугуйт тэшүүр зэргээр хичээллэх нь тийм ч аюултай биш ч гэлээ уг спортыг сонирхогчид эгц хадан цохион дээрээс үсрэх гэх мэтээр өөрийгөө эрсдэлд оруулдаг. Сая сая хүн яагаад ийм их аюултай спортыг сонирхож байна вэ? «Тайм» сэтгүүл бичсэнээр сонирхогчид мэргэжлийн тамирчдын аль аль нь авхаалж самбаа, ур чадвараараа аюул, айдсыг ялж, хязгааргүй эрх чөлөөг мэдэрдэг учраас энэ спортод дурладаг ажээ.

Гэхдээ хэдий ийм алдартай ч гэсэн энэ спорт их хор хохирол дагуулдаг. Харьцангуй аюулгүй спортоор хичээллэж байсан хүмүүс энэ спортыг сонирхох болжээ. Үүний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. 1997 онд АНУ-д гэмтэж бэртээд яаралтай тусламжаар үйлчлүүлсэн хүмүүсийн тоо өссөн байна. Тэдний 33 гаруй хувь нь скейтбордоос, 31 хувь нь сноусбордоос, 20 хувь нь ууланд авирах спортоос үүдэлтэй гэмтэж бэртсэн хүмүүс байжээ. Экстрим спортын бусад төрлүүд бүр илүү хор хөнөөл учруулсан байна. Үүнийг уг спортоос болж амь насаа алдсан хүмүүсийн тооноос харж болно. Сонирхогчид энэ спортын аюултайг мэддэг. Экстрим цанын төрөлд оролцдог нэг эмэгтэй: «Үхэл миний хажуугаар өнгөрдөг» гэж хэлжээ. Бас сноубордын мэргэжлийн тамирчин: «Гэмтэж бэртээгүй бол чи хичээгээгүй гэсэн үг» гэж хэлжээ.

Христийн дагалдагчид ийм спортыг юу гэж үзэх ёстой вэ? Ийм спортоор хичээллэх эсэхээ шийдэхэд Библи бидэнд хэрхэн туслах вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авахын тулд Бурхан амийг хэр зэрэг ариун гэж үздэгийг авч үзье.

Амийн талаарх Бурхны үзэл бодол

Еховаг «Амийн эх булаг» гэж Библид бичсэн байдаг (Дуулал 36:9). Тэрбээр хүн төрөлхтнийг бүтээгээд зогсохгүй амьд явахад хэрэгцээтэй бүхнийг өгч, бидэнд санаа тавьдаг (Дуулал 139:14; Үйлс 14:16, 17; 17:24–28). Тийм учраас, сайхан сэтгэлээр өгсөн бүхнийг нь арчилж тордоосой гэж Ехова биднээс хүсэх нь зүйн хэрэг юм. Израйлчуудад өгсөн хууль, зарчмаас үүнийг ойлгож болно.

Бусдын амь насыг эрсдүүлэхгүйн тулд тодорхой арга хэмжээ авах тухай Мосегийн хуульд заасан. Энэ тушаалыг биелүүлж, аюул ослоос урьдчилан сэргийлээгүй бол цус урсгасан буруутан болох байв. Жишээ нь тэд байшин барьсан бол дээвэр дээрээ хашлага хийх ёстой байсан. Хашлага хийгээгүйгээс болоод дээвэр дээрээс нь хүн унавал тэр байшинд амьдарч байгаа хүмүүс цус урсгасан буруутан болдог байжээ (Дэд хууль 22:8). Мөн үхэр хүнийг гэнэт мөргөж, тэр хүн нас барсан бол үхрийн эзэнд шийтгэл оноодоггүй байсан. Гэхдээ «хэрэв үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж ... хүн мөргүүлж үхвэл» эзэн нь хүний аминд хүрсэн хэмээн буруутгагдаж үхэх ялтай болдог байв (Египетээс гарсан нь 21:28, 29). Ехова амь насыг үнэ цэнэтэй гэж үздэг учраас амь насыг хамгаалж, эрсдэлд оруулахгүй байхын чухлыг хуульдаа тусгажээ.

Дээрх зарчмаас Бурхны үнэнч үйлчлэгчид өөрсдийн амь насыг ч эрсдэлд оруулж болохгүйг ойлгодог байжээ. Давид «Бетлехемийн хаалганы хажууд байх худгаас» ус авчруулан уухыг ихэд хүссэн тухай Библид гардаг. Тухайн үед Бетлехем филистчүүдийн мэдэлд очсон байжээ. Давидын хүсэлтийг гурван цэрэг нь сонсоод филистчүүдийн хуаранд цөмрөн орж, Бетлехемийн хаалганы хажуу дахь худгаас ус утган авчирч Давидад өгдөг. Тэгэхэд нь Давид яасан бэ? Тэр уснаас уулгүй газар асгадаг. Тэгээд «Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм» гэж хэлдэг (Шастирын дээд 11:17–19). Амь насыг эрсдүүлэн байж хүслээ хангах нь байж боломгүй явдал гэж Давид үзсэн.

Есүс бас амийг чухал гэж үзсэн. Диавол Есүсийг сорьж, сүмийн оройг үзэгдлээр үзүүлэн түүн дээрээс үсэр, тэнгэрийн элч ирж аврах эсэхийг хараарай гэдэг. Тэгэхэд нь Есүс: «Ехова Бурхнаа сорих ёсгүй» гэж хариулдаг (Матай 4:5–7). Давид Есүс хоёрын хэн хэн нь амь насыг эрсдэлд оруулж болохгүй гэсэн Бурхныхтай адил үзэл бодолтой байсан.

Үүнээс үүдээд бид «Ямар спортыг экстрим буюу амь насанд аюултай гэж үзэх вэ? Аюул багатай спорт ч аюул дагуулж мэдэх учраас эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?» гэсэн асуултыг бодох нь зүйтэй.

Амь насаа эрсдэлд оруулахын хэрэг байна уу?

Сонирхож байгаа спортоо хэр зэрэг аюултай вэ гэдгийг дараах асуултаар шалгаж үзээрэй. Ингэж асууж болох юм. «Энэ спортоор хичээллэвэл осолд орох магадлал хэр өндөр вэ? Би гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх сургалтад суусан уу? Хамгаалах хэрэгсэл надад байгаа юу? Хэрвээ би унавал эсвэл үсрэхэд алдаа гарвал эсвэл хамгаалалтын хэрэгсэл ажиллахгүй байвал яах вэ? Бага зэргийн осол гарах уу? Эсвэл бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирох уу?»

Христийн жинхэнэ дагалдагч зугаацах нэрийдлээр амь насаа эрсдэлд оруулбал Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгана. Цаашлаад хуралд хүлээсэн онцгой үүргээ алдаж мэднэ (1 Тимот 3:2, 8–10; 4:12; Тит 2:6–8). Христийн дагалдагчид амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч гэсэн Бүтээгчийнхээ адилаар амь насыг ариун гэж үзэх учиртай байх нь ээ.

[Зүүлт]

^ д/м 4 BASE нь building (барилга) antenna (антен) span (гүүр) earth (газар) гэсэн англи үгний эхний үсэг. Энэ нь барилга, гүүр, эгц хадан дээрээс шүхэртэй үсэрдэг спорт юм. Маш их аюултай учраас АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах алба хоригложээ.