Skip to content

Байгаль дэлхий бидэнд юу хэлж өгдөг вэ?

Байгаль дэлхий бидэнд юу хэлж өгдөг вэ?

Байгаль дэлхий бидэнд юу хэлж өгдөг вэ?

«Одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг. Эсвэл газар дэлхийтэй ярилцаж, тэрээр чамд сургаг. Далайн загас чамд тунхаглаг» (ИОВ 12:7, 8).

ЭРДЭМТЭД, зохион бүтээгчид сүүлийн үед амьтан ургамлаас маш их санаа авдаг болсон. Тэд төрөл бүрийн амьтан ургамлыг судалж шинжлэн онцлог шинжээс нь санаа авч хуулбарлан түүгээрээ янз бүрийн шинэ зүйлийг бүтээхийг зорьж байна. Мөн машин механизм, техник технологийг улам боловсронгуй болгохыг эрмэлзэж байна. Амьтан ургамлаас санаа авч загвар дизайны шийдэл гаргадаг энэ салбарыг биомиметик гэдэг. Та зохион бүтээгчдийг амьтан ургамлаас санаа авч юу юу бүтээснийг уншингаа «Хэн энэ бүхний төлөө магтаал хүндэтгэл хүлээх зохистой вэ?» гэдгийг бодож үзээрэй.

Халимын сэлүүрээс санаа авах нь

Нисэх онгоц зохион бүтээгчдэд бөгтөр халимаас санаа авч болох зүйл бий юү? Маш их бий. Нас бие гүйцсэн бөгтөр халим нь тэвш дүүрэн ачаатай хүнд даацын машинтай тэнцэхээр 30-аад тонн жинтэй. Харьцангуй хөшүүн биетэй, далавч шиг том сэлүүртэй, 12 метр урт энэ амьтан хурдан шаламгай сэлдэг. Жишээлбэл хавч хэлбэртэн, загас зэргийн идэш тэжээлээ урхидахдаа доор нь тойрог үүсгэн дээш сэлэхийн зэрэгцээ тасралтгүй хөөс үлээдэг. Энэ хөөснүүд нь 1,5 метр диаметртэй жижигхэн «тор» үүсгэдэг бөгөөд идэш тэжээлийг нь хашсаар усны мандал дээр гаргадаг байна. Тэгээд бөгтөр халим хашигдсан идшээ бүгдийг нь нэг дор нь залгичихдаг ажээ.

Хөшүүн лагс биетэй энэ амьтан ийм жижигхэн диаметртэй «тор» үүсгэн сэлж чаддаг нь итгэмээргүй. Чухам яаж ингэж сэлдэг нь судлаачдын анхаарлыг татжээ. Гол нууц нь бөгтөр халимын сэлүүрийн хэлбэрт байдгийг тэд олж тогтоосон байна. Сэлүүрийнх нь урд ирмэг онгоцны далавч шиг гөлгөр биш, харин хөрөөний шүд мэт атлаа товгор хэлбэртэй ажээ.

Халим усыг зүсэхэд сэлүүрийнх нь товруунууд өргөх хүчийг нэмэгдүүлж, хүндийн хүчийг бууруулдаг байна. Яаж? Нэгэн сэтгүүлд тайлбарласнаар, халимыг огцом дээшээ сэлэхэд ч сэлүүрийнх нь товруунууд усыг зүсдэг бөгөөд ус сэлүүр дээр нь эргэлдээд цааш саадгүй урсдаг байна («Natural History»). Хэрэв сэлүүрийнх нь урд ирмэг гөлгөр байсан бол бөгтөр халим тойрог үүсгэн дээш сэлж чадахгүй байх байсан. Яагаад гэвэл ус сэлүүрийнх нь хойд талд хөөсөрч хуйлран, өргөх хүчийг бууруулж халимыг дээш сэлэхэд нь саад болох байв.

Бөгтөр халимын сэлүүрээс ямар санаа авч болох вэ? Хэрэв бөгтөр халимын сэлүүрээс санаа авч онгоцны далавчийг зохион бүтээвэл агаарын урсгалд чиглэлээ өөрчилдөг өндрийн залуур болон бусад залуурыг харьцангуй цөөлөх боломжтой. Ийм далавч бүтээвэл аюулгүй байдлыг улам сайн хангахаас гадна засвар хийхэд хялбар болно. Биомеханикч Жон Лонг «Бүх тийрэлтэт онгоцны далавч бөгтөр халимын сэлүүр шиг товгор ирмэгтэй болох цаг» тун удахгүй ирнэ гэдэгт итгэдгээ хэлжээ.

Цахлайн далавчаас санаа авсан нь

Инженерүүд шувууны далавчийг дуурайлган онгоцны далавчийг зохион бүтээснийг бид мэддэг. Харин тэд саяхан шувууны далавчийг илүү нарийн судалж нэгэн зүйлийг зохион бүтээжээ. Шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд «Флорида Их сургуулийн судлаачид цахлайн агаарт тогтох, шумбах, огцом хөөрөх чадвараас нь санаа авч алсын зайн удирдлагатай, цахлайн хэлбэртэй дрон зохион бүтээжээ» хэмээн нийтэлжээ («New Scientist»).

Мөр тохойн холбоосоороо нугалардаг далавчныхаа ачаар цахлай шувуу гайхалтай уран нислэг үйлддэг байна. Энэ уян хатан далавчийнх нь онцлогийг дуурайлгаж «[61 сантиметр урттай] цахлайн хэлбэртэй дрон хийжээ. Уг дрон далавчийг нь хөдөлгөдөг металл саваануудыг удирддаг жижиг мотортой» гэж дээрх сэтгүүлд бичжээ. Далавчийг нь ингэж гайхалтай зохион бүтээсэн тул энэхүү бяцхан онгоц өндөр барилгуудын хоорондуур агаарт тогтох юм уу огцом доошилж чаддаг байна. АНУ-ын Агаарын Зэвсэгт Хүчин ийм нарийн үйлдэлтэй уг төхөөрөмжийг улам бүр боловсронгуй болгож том хотуудад хими болон биологийн зэвсгүүдийг олж илрүүлэхэд ашиглахыг зорьж байна.

Гекконы сарвуунаас санаа авах нь

Газрын амьтдаас бас санаа авах юм их бий. Жишээлбэл геккон гэдэг нэг зүйлийн жижиг гүрвэл хана өөд авирдаг төдийгүй таазнаас ч уналгүй явж чаддаг. Библийг бичиж байх үед ч хүмүүс гекконы энэ онцгой чадварыг мэддэг байв (Сургаалт үгс 30:28). Татах хүчинд автдаггүй энэ онцгой чадварынх нь гол нууц юунд байдаг юм бол?

Гекконы сарвууг маш жижиг үсэнцрүүд бүрхдэг тул шилэн гөлгөр гадаргуу дээр ч тогтож чаддаг байна. Сарвуу нь ямар ч наалдамхай бодис ялгаруулдаггүй. Тийм хэдий ч хоёр гадаргуу дээрх молекулуудын харилцан үйлчлэлийн маш сул хүчний тусламжтайгаар тогтож чаддаг. Сарвууных нь үсэнцрүүд болон гөлгөр гадаргуу дээрх молекулууд нь Ван дэр Ваальсын хүч хэмээх маш сул татах хүчээр хоорондоо таталцдаг байна. Ер нь дэлхийн татах хүч энэ хүчнээс илүү хүчтэй байдаг тул хүн хананд гараараа тулсан ч авирч чаддаггүй. Харин геккон гүрвэл сарвууныхаа жижигхэн үсэнцрүүдийн ачаар хананд бүрэн наалддаг. Ван дэр Ваальсын хүч нь геккон гүрвэлийн олон мянган үсэнцрийн нөлөөгөөр улам нэмэгдэж, улмаар энэ жижигхэн гүрвэлийг ханан дээр тогтоон барих хангалттай хүчийг гаргадаг байна.

Геккон гүрвэлийн энэ онцлогоос санаа авч юу зохион бүтээж болох вэ? Энэ гүрвэлийн хөлийг дуурайлган нийлэг материал зохион бүтээвэл байгалиас санаа авч зохион бүтээсэн өөр нэг материал болох зангуу товчийг орлох материал болж болох юм. Эдийн засгийн нэгэн сэтгүүлд тэмдэглэснээр нэг судлаач: «Эмчилгээнд химийн цавуу ашиглах боломжгүй үед геккон гүрвэлийн онцлогийг дуурайлган хийсэн туузыг хэрэглэвэл ихээхэн ашигтай» гэжээ («The Economist»).

Хэн нь магтаал хүртэх зохистой вэ?

Түүнээс гадна, Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Алба (NASA) нь хилэнцэт хорхойтой адил олон хөлтэй робот зохион бүтээж байна. Мөн Финландын зохион бүтээгчид аварга том шавж мэт зургаан хөлтэй, ямар ч саадыг ядах юмгүй давж чаддаг тракторыг аль хэдийн зохион бүтээжээ. Зарим судлаач нарсны боргоцойн онцлогийг дуурайлган нээгдэж хаагддаг олон жижиг цоолбортой даавуу зохион бүтээсэн байна. Машины нэг үйлдвэр, гайхалтай бага энерги зарцуулж сэлдэг толбот дөрвөлжин загасны биеийн хэлбэрийг дуурайлган машин зохион бүтээж байгаа аж. Бас нэг бүлэг судлаач нэг төрлийн хясааны хуягийг судалж байгаа ажээ. Тэрхүү хясааны хуяг нь доргилт чичиргээнд тэсвэртэй, амархан хагардаггүй байна. Тэд үүнийг нь дуурайлгаад хөнгөн мөртлөө бат бөх, сум нэвтэрдэггүй хантааз зохион бүтээхийг зорьж байна.

Судлаачид байгалиас авсан гайхалтай санаануудаараа мэдээллийн сан үүсгэжээ. Энэ сан нь биологийн хэдэн мянган тогтолцооны товьёгтой аж. Нэгэн сэтгүүлд бичсэнээр эрдэмтэд шинээр юм зохион бүтээхдээ тулгарч буй асуудлынхаа шийдлийг уг мэдээллийн сангаас олж болох ажээ («The Economist»). Энэ санд оруулсан мэдээллүүдийг «биологийн патент» ч гэдэг. Ер нь бол, патент эзэмшигч гэдэг нь нээлт хийх юм уу шинэ машин, техник зохион бүтээгээд түүнийгээ хууль ёсоор бүртгүүлсэн хувь хүн эсвэл байгууллагыг хэлдэг. Биологийн патентийг агуулсан мэдээллийн сангийн талаар дээрх сэтгүүлд «Биомиметикчид шинэ санаагаа “биологийн патент” гэж хэлдэг нь үнэн хэрэгтээ байгалийг жинхэнэ патент эзэмшигч нь гэж онцолж буй хэрэг юм» гэж бичжээ.

Байгалиас ийм олон гайхалтай санаа авч болдог нь ямар учиртай вэ? Олон судлаач хаанаас нь ч харсан биширмээр амьтан ургамал гээд байгаль дээрх бүх зүйлийг олон сая жилийн хувьсал болон хувьслын алдааны улмаас үүсэн бий болсон гэж үздэг. Харин бусад судлаач өөр дүгнэлтэд хүрсэн байна. Микробиологич Майкл Бихи 2005 онд «Нью-Йорк таймс» сонинд «[Байгаль дээрх] амьтан, ургамлын төрх байдал нэгэн маргаангүй үнэнийг илчилдэг. Юу гэвэл, нугас шиг харагддаг, явдаг, ганганан дуугардаг амьтныг нугас биш гэж няцаах үндэслэлгүй л бол нугас л гэсэн үг шүү дээ» гэж нийтэлжээ. Байкл Бихи ямар дүгнэлтэд хүрсэн бэ? «Үүн шиг, байгаль дэлхий дээрх юмсын онцлог шинж харваас тов тодорхой байхад үгүйсгэж болохгүй» гэж хэлжээ.

Илүү аюулгүй, илүү бага энерги зарцуулах онгоцны далавч зохион бүтээсэн хүн түүнийхээ төлөө магтаал хүлээх зохистой нь мэдээжийн хэрэг. Үүнтэй адилаар янз бүрийн зорилгоор хэрэглэж болдог боолт, биед илүү эвтэйхэн даавуу, бензин бага иддэг машин зэргийг зохион бүтээсэн хүн ч магтаал хүртэх зохистой. Харин хүний зохион бүтээсэн юмыг хуулбарласан хэр нь зохион бүтээгчийг нь үгүйсгэж, алдаршуулахгүй бол хууль зөрчсөн хэрэгт орно.

Мэдлэг чадвартай судлаачид инженерчлэлийн асуудлыг шийдэхийн тулд байгаль дээрх юмсыг чадан ядан дуурайж хийдэг. Тэгвэл тэдний санаа авдаг гайхалтай байгаль дэлхийг санамсаргүйгээр, хувьслын замаар бий болсон гэж үзэх нь хэр зөв бэ? Байгаа юмыг хуулбарлахад л оюун ухаант зохион бүтээгч шаардлагатай байдаг бол анхныхыг нь хэчнээн мэргэн ухаантай Бүтээгч бүтээсэн бол? Хэн нь илүү магтаал хүлээх зохистой вэ? Агуу зохион бүтээгч нь үү? Эсвэл санаа авч, дуурайлган хийсэн хүн нь үү?

Логик сайтай дүгнэлт

Байгаль дээрх юмсын загвар хийц, онцлог шинжийг сайтар судалдаг, юм боддог хүмүүс дуулалчийн бичсэн дараах үгтэй санал нийлдэг. «Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм» (Дуулал 104:24). Библийг бичигчдийн нэг Паул бас адилхан дүгнэлт хийжээ. Тэрбээр: «Бурхан ертөнцийг бүтээснээс хойш түүний зан чанар илэрхий болсон. Өөрөөр хэлбэл, Бурхан мөн гэдэг нь ч, мөнхийн хүч нь ч бүтээлээс тодорхой харагддаг» гэж бичжээ (Ром 1:19, 20).

Гэлээ ч Библийг үнэлж эрхэмлэдэг, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг олон хүн Бурхныг байгаль дэлхий дээрх гайхамшигтай бүхнийг эволюцийн аргаар бүтээсэн гэж үздэг. Тэгвэл Библид энэ талаар юу гэж байдаг вэ?

[Товчлол]

Байгалиас олон гайхалтай санаа авч болдог нь ямар учиртай вэ?

[Товчлол]

Байгалийн патент эзэмшигч нь хэн бэ?

[Хавсралт/Зураг]

Байгаа юмыг хуулбарлахад л оюун ухаант зохион бүтээгч шаардлагатай байдаг бол анхныхыг нь хэчнээн мэргэн ухаантай Бүтээгч бүтээсэн бол?

Цахлайн далавчаас санаа авч зохион бүтээсэн нарийн үйлдэлтэй дрон

Геккон гүрвэлийн сарвуу бохирддоггүй бөгөөд ул мөрөө үлдээдэггүй. Тефлоноос бусад ямар ч гадаргуу дээр тогтож, чөлөөтэй явж чаддаг. Судлаачид энэ онцлогийг нь дуурайлган шинэ юм зохион бүтээхийг оролдож байна.

Гайхалтай бага энерги зарцуулж сэлдэг толбот дөрвөлжин загаснаас санаа авсан машины загвар

[Зураг эзэмшигч]

Онгоц: Kristen Bartlett/​University of Florida; геккон гүрвэлийн сарвуу: Breck P. Kent; толбот дөрвөлжин загас ба машин: Mercedes-Benz USA

[Хавсралт/Зураг]

ЗӨНГӨӨРӨӨ ЗҮГЭЭ ОЛДОГ УХААНТАЙ АМЬТАД

Дэлхийн хаана ч байсан зүг чигээ олж чаддаг «үнэнхүү мэргэн» амьтад олон бий (Сургаалт үгс 30:24, 25). Хоёр жишээ авч үзье.

Шоргоолжны замаа олох чадвар. Шоргоолж идэш тэжээлээ цуглуулаад үүрэндээ хэрхэн буцаж ирдэг вэ? Зарим шоргоолж үүрээ амархан олохын тулд үнэр үлдээхээс гадна өнцөг үүсгэн, тахиралдсан мөр гаргаж явдгийг Их Британийн судлаачид олж тогтоожээ. Жишээ нь нэг сэтгүүлд бичсэнээр, фараон шоргоолжнууд «үүрнээсээ гарахдаа бүх чиглэлд мөр гаргадаг бөгөөд ингэхдээ 50-60 градусын өнцөг үүсгэж явдаг» байна («New Scientist»). Энэ мөрийг яагаад тийм онцгой гэж хэлж болох вэ? Яагаад гэвэл шоргоолж үүр лүүгээ буцахдаа өмнө нь гаргасан энэ мөрөөрөө явдаг бөгөөд мөр нь салаалахад баруун эсвэл зүүн тийшээ үл ялиг хазайн мөрөө алдалгүй явсаар үүрээ олж очдог байна. «Шоргоолжнууд ийнхүү өнцөг үүсгэн явж замын сүлжээ үүсгэдэг нь тэднийг чөлөөтэй явахад, ялангуяа хоёр өөр чиглэлд явж байгаа тохиолдолд тустай байдаг. Мөн аль нэг шоргоолж буруу зүг рүү явж цаг алдахгүй, хүчээ барахгүй байхад тустай байдаг» хэмээн дээрх сэтгүүлд бас тэмдэглэжээ.

Шувууны луужин. Шувууд хэчнээн хол зам туулсан ч, цаг агаарын байдал ямар ч байсан, зүг чигээ огтхон ч алддаггүй байна. Яаж тэр вэ? Шувууд дэлхийн соронзон орныг мэдэрдгийг судлаачид олж тогтоожээ. Гэхдээ дэлхийн «соронзон орны шугам газар бүрд харилцан адилгүй байдаг бөгөөд ямагт хойд зүгийг заадаггүй» гэж нэгэн сэтгүүлд тэмдэглэжээ («Science»). Тэгвэл шувууд нүүдэллэх үедээ яаж зүг чигээ алдахгүй байж чаддаг вэ? Шувууд дотоод луужингаа өдөр бүр нар жаргахад тохируулдаг бололтой. Нар жаргах байршил дэлхийн өргөрөг болон улирлаас хамаараад өөр өөр байдаг учраас нүүдлийн шувууд «жилийн аль улирал болж байгааг хэлж өгдөг биологийн цагийнхаа тусламжтайгаар» энэ өөрчлөлтийг ажиглаад зүг чигээ алддаггүй бололтой гэж судлаачид үзэж байгааг дээрх сэтгүүлд мөн тэмдэглэжээ.

Шоргоолж яагаад өнцөг үүсгэж явах чадвартай байдаг вэ? Шувууд яагаад өөрийн гэсэн луужин, биологийн цаг, тэдгээрийн дамжуулж буй мэдээллийг ойлгох тархитай байдаг вэ? Тэд санаандгүйгээр, хувьслын замаар бий болов уу? Эсвэл тэднийг мэргэн ухаантай Бүтээгч бүтээв үү?

[Зураг эзэмшигч]

© E.J.H. Robinson 2004