ОНЦЛОХ СЭДЭВ
Цагаа зөв ашиглах нь
«Надад дахиад жаахан цаг байсан ч болоосой». Та хэр олон удаа ингэж хэлж байсан бэ? Цаг бүх хүнд адилхан үйлчилдэг. Их мөнгөтэй, эрх мэдэлтэй байлаа гээд ядуу хоосон хүнээс илүү их цагтай байна гэсэн үг биш ээ. Хүн баян ч бай, ядуу ч бай цагийг хурааж хуримтлуулж чадахгүй. Өнгөрсөн цагийг эргээд олж авч болохгүй. Ухаалаг хүн өөрт байгаа цагийг хэрхэн зөв ашигладаг вэ? Дөрвөн аргыг авч үзье.
1-р арга: Зохион байгуулалттай байх
Чухал зүйлээ тодорхойлоорой. «Илүү чухал юмыг магадалдаг бай» гэж Библи зөвлөдөг (Филиппой 1:10). Чухал эсвэл яаралтай ажлуудаа жагсааж бичээрэй. Жишээлбэл оройн хоолны материал авах гэдэг чухал ажил тань яаралтай байх албагүй гэдгийг санаарай. Нөгөөтээгүүр, зурагтаар яг одоо таны дуртай нэвтрүүлэг гарах гэж байна бодъё. Энэ нь яаралтай гэж санагдаж болох ч чухал биш байж болох юм.
Урьдчилж бодоорой. Номлогчийн үгс 10:10-т «Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө» гэж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Цагаа үр бүтээлтэй зарцуулъя гэвэл сүхээ ирлэхтэй адил сайтар бодох хэрэгтэй. Цаг зав хүч чадал барсан чухал биш ажлаа хойш нь тавиарай. Төлөвлөснөө бүгдийг хийгээд жаахан цаг гарвал, хойш нь тавьсан байсан ажлуудаа хийж болно шүү дээ. Урьдчилж сайтар боддог бол сүхээ ирлэсэн ухаалаг ажилчин шиг үр бүтээлтэй ажиллана.
Амьдралаа энгийн болгоорой. Цаг үрэхээс цаашгүй, чухал биш ажлыг битгий хийгээрэй. Хэт их ажил хүнийг стресст оруулж, баяр баясгалангүй болгодог.
2-р арга: Цаг хулгайлдаг бүхнээс зайлсхийх
Хойшлуулах, шийдвэр гаргахаас хойш суух хандлага. «Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна» (Номлогчийн үгс 11:4). Эндээс юу ойлгож болох вэ? Хойшлуулах хандлагатай бол цагийг ч дэмий үрнэ, ажлын бүтээмж ч буурна. Тариачин хүн бүх нөхцлийг сайжрахыг хүлээгээд байвал үр суулгаж, ургац хураахгүй шүү дээ. Үүнтэй адилаар амьдралд юу тохиолдохыг мэдэхгүй учраас аливааг шийдэж чадахгүй үе байдаг. Бүх зүйлийг тодорхой болтол хүлээж байгаад шийдвэр гаргая гэж бодож болох юм. Мэдээж, юмыг зөв шийдье гэвэл сайн нягталж магадлах хэрэгтэй. «Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэж Сургаалт үгс 14:15-д байдаг. Гэхдээ үнэндээ, яах нь тодорхойгүй байлаа ч шийдвэр гаргах хэрэгтэй үе байдаг (Номлогчийн үгс 11:6).
Төгс байдлыг эрхэмлэх үзэл. «Дээрээс [эсвэл Бурхнаас] ирдэг мэргэн ухаантай хүн ... зөрж гөждөггүй» гэж Яаков 3:17-д байдаг. Өөртөө өндөр шаардлага тавих нь сайн. Гэхдээ заримдаа бид өөртөө хэт өндөр шаардлага тавиад түүндээ хүрч чадалгүй сэтгэлээр унадаг. Жишээ нь гадаад хэл сурч байгаа хүн алдаа гаргана гэдгээ мэддэг, бас алдаанаасаа суралцана гэдгийг ойлгодог. Гэтэл төгс байдлыг эрхэмлэдэг хүн үгээ буруу хэлчихнэ гэж айдаг. Ийм хандлага ахиж дэвшихэд саад болдог. Хүч хүрэхгүй юмаа өөрөөсөө шаардалгүй даруу байх нь үнэхээр чухал. «Даруу зан болбоос мэргэн ухаан» гэж Сургаалт үгс 11:2-т байдаг. Даруу зантай хүн аливаад хэтэрхий нухацтай ханддаггүй. Зарим зүйлд инээгээд л өнгөрдөг.
«Үнэндээ хүн мөнгөөр биш, цагаар аливаа төлбөр тооцоог хийдэг»—«Төрөх үхэхийн хооронд» (англи)
3-р арга: Дүн нуруутай, юманд бодитоор ханддаг байх
Ажил амралтаа зохицуулаарай. «Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр» (Номлогчийн үгс 4:6). Ажлын хэнээтэй хүн «хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөдөг» ч үр дүнг нь үзэх цаг зав, эрч хүч байдаггүй. Нөгөөтээгүүр залхуу хүн «хоёр гараа» сул амрааж, хайран цагаа үрдэг. Дүн нуруутай байж, ажлаа сайн хийгээд түүнийхээ үр шимийг хүртэхийг Библи бидэнд уриалдаг. Ийм баяр жаргал нь «Бурханы бэлэг» юм (Номлогчийн үгс 5:19).
Нойроо бүтэн аваарай. Библийн нэгэн бичээч «Би амар амгалан хэвтэж, унтах болно» гэж хэлсэн (Дуулал 4:8). Насанд хүрсэн ихэнх хүн 8 цаг унтаж байж, бие, сэтгэл санаа, оюуны хүчээ сэлбэдэг. Сайн унтсанаар анхаарал төвлөрөх чадвар, ой тогтоолт сайжирч, юм амархан сурдаг. Харин нойр муутай явбал юм сайн сурч чадахгүй, осол аваар, алдаа эндэгдэл их гаргана. Бас их уур уцаартай болно.
Хүрч болох зорилго тавиарай. «Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм» (Номлогчийн үгс 6:9). Энэ нь юу гэсэн үг вэ? Ухаалаг хүн хүсэлдээ, ялангуяа хэзээ ч биелэхгүй хүсэлдээ хөтлөгддөггүй. Тийм болохоор зар сурталчилгаа, амархан авч болдог зээлд хууртдаггүй. Харин авч болох зүйл буюу «нүд [нь] юу харж байгаад» сэтгэл ханадаг.
4-р арга: Зөв хэм хэмжээг баримтлах
Ямар хэм хэмжээ баримталдгаа бодож үзээрэй. Зөв хэм хэмжээ гэж юу вэ? Хүн юуг нь зөв, чухал, үнэ цэнтэй гэж үзэхийг хэлнэ. Мэргэн харваач сумаа зөв чиглүүлбэл байгаа онодог шиг бид зөв хэм хэмжээг удирдлага болговол амьдралдаа амжилт олно. Учир нь хүн зөв хэм хэмжээ баримталдгийнхаа ачаар амьдралынхаа чухал зүйлийг тодорхойлж, цаг минут бүрийг зөв ашигладаг. Зөв хэм хэмжээг хаанаас олох вэ? Олон хүн Библиэс хамгийн зөв хэм хэмжээг олж авдаг (Сургаалт үгс 2:6, 7).
Хайрандаа хөтлөгдөөрэй. Колосай 3:14-т «Хайр бол эв нэгдлийн төгс холбоос» гэж байдаг. Хайр байхгүй бол бид жинхэнэ ёсоор жаргалтай, сэтгэл санаагаар тайван байж чадахгүй. Энэ үнэнийг үгүйсгэдэг хүмүүс эд хөрөнгийг чухалчилж аз жаргал, баяр баясгалангүй амьдардаг. Библид хайрын тухай олон зуун удаа дурдаж, хайрандаа хөтлөгдөхийг уриалдаг нь ийм учиртай (1 Коринт 13:1–3; 1 Ёохан 4:8).
Бурхантай дотно байхад цаг гаргаарай. Жефф гэдэг нэгэн залуу халамжтай эхнэртэй, хоёр хөөрхөн хүүхэдтэй, сайн найзуудтай, түргэний эмчийн ажилтай, ажилдаа ч дуртай байв. Гэхдээ өвдөж шаналсан, нас барсан хүмүүсийг байнга хардаг байсан учраас «Амьдрал ийм л байдаг юм байх даа?» гэж боддог байжээ. Гэтэл нэг өдөр Еховагийн Гэрчүүдийн хэвлэн гаргасан Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншаад асуултынхаа хариуг авч санаа нь амарчээ.
Жефф сурсан мэдсэн зүйлээ эхнэр хүүхдүүддээ ярьж өгч, тэд нар нь сонирхох болсон байна. Ингээд гэр бүлээрээ Библи судалж эхэлжээ. Үүнийхээ ачаар тэд цагаа зөв ашиглаж, утга учиртай амьдрах болсон. Библи судлаад тэд дэмий хөдөлмөрлөхгүй, өвдөж зовохгүй нийгэмд мөнх амьдарна хэмээн найдах болжээ (Илчлэл 21:3, 4).
Жеффийн түүх «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» гэж хэлсэн Есүсийн үгийг санагдуулдаг (Матай 5:3). Та Бурхныг танин мэдэхийн тулд цаг гаргахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол та өдөр бүр төдийгүй насан туршдаа ухаалаг байна.