Skip to content

Тэрбээр амьдралын утга учрыг олжээ

Тэрбээр амьдралын утга учрыг олжээ

Тунхаглагчийн тайлан

Тэрбээр амьдралын утга учрыг олжээ

ЕСҮС: «би хоньдоо ... мэддэг» гэж хэлсэн (Ёохан 10:15). Хэрэв хүн зөв зүрх сэтгэлтэй, амар тайван, шударга ёсыг хайрладаг бол Есүсийн дагалдагчдад татагдана. Тийм хүн амьдралын утга учрыг олдог. Бельгид амьдардаг нэгэн эмэгтэй өөрт тохиолдсон явдлаа ийн ярьсан юм.

«Би их гутарч, амиа хорлохыг хүсэж байсан үед Еховагийн Гэрчүүд манайд ирсэн юм. Гэрчүүдийг нийгмийн тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж ярихад дуртай байсан л даа. Гэхдээ Бурхан энэ үйл хэрэгт оролцоно гэхэд таалагдаагүй. Сүмийнхний хоёр нүүр гаргадгийг хараад би сүмд явахаа болиод 8 жил болсон байлаа. Гэрчүүд үнэн юм ярьж байгаа юм шиг санагдсан. Тэгээд ч Бурхангүйгээр амьдрах аргагүй юм байна гэдгийг би ойлгосон юм.

Гэтэл Гэрчүүдтэй хэд хэдэн удаа уулзсаны дараа тэднээс сураг тасарчихав. Сэтгэл санаа үймрээд их хэцүү байлаа. Би өдөрт хоёр хайрцаг тамхи татаж, бүр мансууруулах бодис хэрэглэдэг болсон. Нас барсан өвөөтэйгөө ярьмаар санагдаад, үздэг хардаг хүнтэй уулзсан юм. Тэрнээсээ болоод чөтгөрүүдийн дайралтад өртсөн. Тэр орой гэртээ ганцаараа байхаас их айсан. Ийм байдалтай олон сар боллоо. Орой бүр ганцаараа байна гэхээс л айдаг байсан.

Нэг өдөр би дандаа алхдаг замаасаа өөрөө замаар алхаж явлаа. Тэгтэл нэг барилгын талбай харагдсан юм. Тэнд их олон хүн ажиллаж байхыг хараад би гайхсан. Дөхөж очоод хартал Еховагийн Гэрчүүд цуглааны танхимаа барьж байв. Тэгээд би Гэрчүүдийг манайд ирж байсныг санаж, “Хүмүүс энэ Гэрчүүд шиг амьдардаг бол хэчнээн сайхан бэ!” гэж бодлоо.

Еховагийн Гэрчүүд манайд дахиад ирээсэй гэж маш их хүсэж байсан учраас би барилга дээр ажиллаж байсан хүмүүсийн заримтай нь ярилцсан юм. Тэгээд би Бурханд залбирлаа. Арав хоногийн дараа надтай анх уулзсан хүн манайд ирэв. Библийн хичээлээ үргэлжлүүлэх үү гэхэд нь би дуртай зөвшөөрлөө. Хичээл эхлээд удаагүй байхад цуглаанд урив. Тэгэхэд нь би шууд очсон. Тийм сайхан орчныг би амьдралдаа анх удаа үзсэн. Бие биеэ хайрладаг, аз жаргалтай хүмүүсийн дунд байх юмсан гэж их хүсэн хүлээж байсан юм. Тийм хүмүүстэй ингэж нэг уулзах гэж!

Тэгээд би бүх цуглаанд явдаг болов. Гурван 7 хоногийн дараа тамхинаас гарлаа. Би бас зурхайтай холбоотой ном, сүнс чөтгөртэй холбоотой дуу хөгжмийн пянзнуудаа хаясан юм. Чөтгөрүүд надаар оролдохоо больж байгааг би мэдэрсэн. Би Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдарч эхлээд гурван сарын дараа сайн мэдээ дэлгэрүүлдэг боллоо. Тэгээд зургаан сарын дараа баптисм хүртэв. Баптисм хүртсэнээсээ хойш хоёр хоногийн дараа туслах эхлэгч болсон.

Миний төлөө хийсэн Еховагийн бүх сайн сайхан зүйлд би талархдаг. Ингэж миний амьдрал утга учиртай болсон юм. Үнэхээр ч Еховагийн нэр бат бөх цамхаг. Би тийшээ гүйгээд аюулгүй байна (Сургаалт үгс 18:10). Дуулал 84:10-т “Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм. Би хорон муугийн майхнуудад оршин суухаас өөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон” гэж хэлсэн дуулалчийнхтай адил сэтгэгдэл надад төрдөг».

Даруу дөлгөөн энэ эмэгтэй амьдралын утга учрыг олжээ. Еховаг чин сэтгэлээсээ хайдаг ямар ч хүн амьдралын утга учрыг олно.