Skip to content

ГЕОРГИЙ ПОРЧУЛЯН | НАМТАР

«Еховаг гэсэн хайрынхаа ачаар бэрхшээл бүхнийг давсан»

«Еховаг гэсэн хайрынхаа ачаар бэрхшээл бүхнийг давсан»

Намайг 23-хан настай байхад Сибирийн хүнд амьдралтай Магаданы хөдөлмөрийн лагерьт цөлсөн. Би тэр үед баптисм хүртээд жил гаруй л болж байв. Би түргэн зантай, бас туршлагагүй байсан учраас хамт байсан хүндээ анх дэлгэрүүлэх гэж оролдоод сүүлдээ бараг зодолдох шахсан.

 Төр засгийн дайсан хэмээгддэг шашны бүлэглэлийн гишүүн болоход коммунист байсан надад юу нөлөөлсөн бэ? Цөллөгт олон жил албадлагын ажил хийж байсан би Еховагийн хайр, бас сургалтын ачаар хэрхэн сайхан зан чанартай болсон бэ?

Шударга ёс, сэтгэлийн амар тайван

 Би 1930 онд Молдовагийн хойд хэсэгт орших Табани хэмээх тосгонд төрсөн. Тэндхийн хүмүүсийн ихэнх нь маш ядуу амьдралтай байв. Аав ээж маань 6 хүүхдээ тэжээхийн тулд хамтралын хүн хүчир ажлыг өдөр шөнөгүй хийдэг ч тарчигхан амьдарч байв. Ээж маань Оросын үнэн алдартны сүмд явдаг бөгөөд аав маань католик шашинтай байсан. Тэд сүмийнхээ удирдах хүмүүсийн жигшүүртэй үйлдлийнх нь талаар ярьж маш их хэрэлддэг байлаа.

 18 настайдаа сургуулиа төгсөөд коммунист сургаалыг сурталчилдаг залуучуудын байгууллага болох комсомолд элссэн. Энэ байгууллага коммунист намын залгамж ирээдүйг бэлтгэдэг. Удалгүй намайг орон нутгийн комсомолын бүлгийн нарийн бичгийн даргаар сонгов. Ах дүүсэг, тэгш эрхтэй, шударга байх ёстой гэж заадаг нь надад үнэхээр таалагддаг байсан. Гэвч үнэндээ шударга бус байдал газар авсныг хараад юу ч хийх сонирхолгүй болсон.

 Комсомолын идэвхтэй гишүүний хувьд сүмүүдийг хаах, шашны бүлгүүдийг тараах зэрэг Зөвлөлт Холбоот Улсын a засгийн газрын гаргасан тушаал тогтоолыг би дагахаас өөр аргагүй байсан. Манай тосгонд Еховагийн Гэрчүүд амьдардаг байв. Хэдийгээр тэднийг шударга, амар тайван хүмүүс гэдгийг анзаарсан ч хэт туйлшрагсад гэж үздэг байлаа. Мэддэггүй байсан олон асуултынхаа хариуг тэдний нэгнээс авна гэдгийг бодоо ч үгүй явлаа.

 Манай тосгонд амьдардаг авга ах Димитрий Еховагийн Гэрч юм. 1952 оны хаврын нэгэн өдөр тэрбээр: «Георгий, чи цаашдаа яаж амьдаръя гэж бодож байна?» гэж асууж билээ. Надад санаа тавьж ийм асуулт асуусан ганц хүн нь тэр байсан. Үнэндээ надад хариултыг нь мэдэхгүй маш олон асуулт байв. Жишээ нь би «Хэрвээ Бурхан байдаг юм бол хүмүүс яагаад ингэж их зовдог юм бэ?» гэж боддог байлаа. Димитрий ах 8 хоногийн турш миний асуултад Библиэс хариулсан. Заримдаа бүр шөнийн 3 цаг хүртэл ярилцдаг байв!

Георгий Димитрий нар нэг биш удаа шөнө дүл болтол Библийн тухай ярилцсан

 Ингэж ярилцсаны эцэст би Библи судлахаар бат шийдэв. Намайг чин сэтгэлээсээ хайрладаг тэнгэрийн Эцэг байдгийг би ойлгож эхэлсэн (Дуулал 27:10). Библийн тухай мэдлэг нимгэн ч Бурхныг хайрлах хайр минь хүчтэй байсан учир би шийдэмгий алхам хийж чадсан. Орон нутгийн комсомолын дарга маань намайг айлган сүрдүүлсэн ч би коммунист намаас гарсан. Би Библи судалж эхэлснээсээ хойш 4-хөн сарын дараа 1952 оны 9-р сард Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэн.

Еховаг гэсэн хайр минь соригдов

 Тэр үед Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа хориотой байсан. Гэсэн ч би Еховаг хайрладгаа үйл хэргээрээ харуулахыг хүссэн учраас хөрш тосгодын итгэл нэгтнүүддээ хэвлэл аваачиж өгөх ажилд оролцъё гэлээ. Тосгоны хүмүүст гадны хүн гэдэг нь тодорхой учраас засаг захиргаанд мэдээлэл өгөх аюул байв. Үнэндээ зарим Гэрчүүд ч цагдаагийн ажилтан хуралд шургалан орсон байж болзошгүй гэж айгаад надаас болгоомжилж байлаа. Гэхдээ удалгүй тагнуул биш гэдэг минь тодорхой болсон. Баптисм хүртсэнээс хойш хоёрхон сарын дараа хориотой хэвлэл тараасан хэргээр намайг хорьж, шийтгэл оноосон.

 Урьдчилан хориход нэг жил байх хугацаанд байцаагчид намайг Еховад үнэнч бус болгохыг оролдсон. Гэхдээ би аль хэдийн Ехова Бурхандаа маш их хайртай болсон байв. Эцэст нь Украины Одесса хотод нээлттэй шүүх хурал болсон. Тэр үед Еховагийн Гэрч биш байсан аав ээж, ах дүү нарыг маань шүүхэд дуудсан.

 Шүүх дээр намайг шашны аюултай урсгалынханд хууртсан гэж үзэв. Эрх баригчид намайг ухаан самуурсандаа ийм юманд орооцолдсон гэж эцэг эх, ах дүү нарт минь итгүүлэхийг оролдсон. Эх эцэг минь их айж, уйлаад намайг гэмш гэж ятгасан. Гэхдээ би маш тайван байж ээждээ «Санаа зовох хэрэггүй ээ. Би хууртаагүй. Багаасаа л хайж явсан юмаа олсон. Үүнийгээ хэзээ ч орхихгүй» гэж хэлсэн (Сургаалт үгс 23:23). Библийг тийм ч их мэддэггүй ч мэдсэн зүйл минь Еховад үнэнч байхад хангалттай байв. Түүнээс хойш бараг 6 жилийн дараа аав ээж хоёр итгэл үнэмшлийг минь ойлгож Еховагийн Гэрч болцгоосон.

Георгийн эцэг эхийг байлцуулан түүнийг шашны аюултай урсгалд нэгдсэн гэж буруутгасан

 Надад 15 жил албадлагын ажил хийх ял оноож галт тэргээр Сибирийн Колыма руу явуулсан. Тэнд хөдөлмөрийн лагерь их олон байдаг байсан. Хоригдлуудыг бүрэн хяналтдаа байлгахын тулд харгалзагчид, офицерууд биднийг зодож, өлсгөдөг байсан. Би ч эхэндээ яаж амьд гарна даа гэж бодсон.

Бурхны хайр халамж, сургалт

 Намайг лагерьт очсоны дараахан нь тэнд хоригдож байсан 34 Гэрчийн зарим нь надаас «Танай бүлэгт “ионадабчууд” байгаа юу?» гэж маш болгоомжлон асуусан. Тэгэхэд нь би Гэрчүүд гэдгийг нь шууд ойлгосон. Тэд л Библийн үг хэллэгээр ярина шүү дээ. Тэдгээр туршлагатай ах дүүс Библийн зарчмыг хүнд нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэхийг заагаад зогсохгүй бас хэрсүү байх зэрэг сайхан зан чанаруудыг хөгжүүлэхэд минь тусалсан.

 Би тэнд машинчаар ажиллаж байсан. Хамт ажилладаг Матфей гэдэг хүн 50 ариун хүний нэрийг цээжээр мэддэг гэж нэг удаа онгирсон. Тэгэхээр нь би ариун гээд байгаа хүмүүсийнх нь тухай гомдоох юм хэлчихсэн юм аа. Тэгэхэд Матфей намайг цохих гэхлээр нь би зугтсан. Дараа нь итгэл нэгтнүүд маань инээгээд байхаар нь уур хүрч «Та нар юундаа инээгээд байгаа юм бэ? Би дэлгэрүүлэх л гэж байсан шүү дээ!» гэж хашхирсан. Тэгэхэд тэд, бидний зорилго бол хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх болохоос биш хүмүүсийг гомдоох биш гэж эелдэгхэн хэлж билээ (1 Петр 3:15). Матфей улс төрийн хоригдол байсан ч Гэрчүүд харгалзагчид болон эрх баригчдыг хүндэлж байгаа нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Яваандаа тэрбээр Библийн үнэнийг сонирхож эхлэв. Тэрбээр хүйтэн устай торхонд нууцаар баптисм хүртсэн. Тэр шөнийг би хэзээ ч мартдаггүй.

 Лагерьт ирээд удаагүй байхад намайг, бас өөр хоёр Гэрч залууг улс төрийн хичээлд суухыг урьсан юм. Бид эхэндээ шууд татгалзсан. Яагаад гэвэл ийм хичээлд суувал Христийн дагалдагч атлаа төвийг сахиагүй хэрэг болно гэж бодсон (Ёохан 17:16). Тийм учраас бид гурвыг 2 долоо хоног харанхуй гянданд хорьсон. Тэндээс суллагдсаны дараа хайр халамжтай ах дүүс маань тийм хичээлд суулаа гээд төвийг сахиагүй хэрэг биш гэдгийг тайлбарлаж өгсөн. Харин ч дэлгэрүүлэх сайхан боломж гэж үзэж болно шүү дээ гэв. Ийнхүү илүү ухаалаг, уян хатан байхыг тэднээсээ сурсан.

 Тэвчээртэй сургаж байгаа тэднийг хараад Ехова намайг хайрлан халамжилж байгааг мэдэрсэн. Жишээлбэл санваартан байсан нэг хоригдол ахлах нягтлан бодогчоор томилогдов. Тэрбээр хоолны цагаар надтай тааралдах болгондоо «Сайн уу, Диаволын хүү?» гэж мэндэлдэг байсан. Тэгтэл нэг хоригдол надад «Сайн уу, аав аа?» гэчихгүй юү гэж зааж өгсөн. Харамсалтай нь би түүний зөвлөгөөг дагаад үхтэлээ зодуулсан. Энэ тухай итгэл нэгтнүүд сонсоод зохисгүй авирласныг минь ойлгуулсан (Сургаалт үгс 29:11). Тэгээд би санваартнаас уучлалт гуйсан.

 Хөдөлмөрийн лагерьт ирэхээсээ өмнө би шөнө юм уу үүрээр цуглаанд нууцаар суудаг байсан. Харин хөдөлмөрийн лагерийн хаана нь ч байсан нуугдах боломжгүй. Тиймээс харгалзагчдыг харж байхад бид бөөндөө тойрч зогсоод жижигхэн цаасан дээр бичсэн Библийн зүйлүүдийг ярилцдаг байв. Бид Библийн аль болох олон зүйл цээжилж, санаж явах зорилготой байлаа. Хэрвээ харгалзагчид дөхөж ирвэл Библийн зүйл бичсэн цаасаа амандаа хурдан хийгээд залгичихдаг байсан.

Хөдөлмөрийн лагерьт байгаа Гэрчүүд Библи уншихдаа харгалзагчдын хараанаас нуугдах боломжгүй байв

Цөлөгдсөн ч Еховагаар хайрлуулж байв

Георгий хөдөлмөрийн лагериас суллагдсаныхаа дараа, 1960-аад оны эхээр

 Би 1959 онд хөдөлмөрийн лагериас суллагдсаны дараа Казахстаны Карагандад нутаг заагдсан. Тэнсэн ялтай байсан ч гэрлэхийн тулд тэндээс 20 хоног гарах зөвшөөрөл авсан. Тэгээд Оросын Томск хотод амьдардаг Еховад үнэнч, сэтгэл татам Гэрч эмэгтэй Мариа руу очсон. Би шулуухан ярьчихдаг зангаараа «Мариа, надад үерхэх цаг байхгүй. Надтай гэрлээч» гэсэн. Мариа ч зөвшөөрөөд бид эгэл маягийн хурим хийсэн. Хүнд бэрхшээл даван туулж байгаа надаар Мариа бахархаж, цаашид ч Еховад үнэнч үйлчлэхэд минь түшиж тулж явъя гэсэн (Сургаалт үгс 19:14).

 1960-аад оны үед айлаар дэлгэрүүлэх боломжгүй байхдаа бид хүмүүстэй итгэл үнэмшлээ хуваалцах боломж болгоныг ашигладаг байж билээ. Хаа нэгтээ зочноор уригдах юм уу амралтаар явж байхдаа дэлхий дээр мөнх амьдрах найдварын тухай хүмүүст ярьж өгдөг байв. Бас заримдаа бусадтай ярих боломжийг төлөвлөдөг байв. Жишээлбэл Мариа бид хоёр зарах гэж байгаа байшингийн эзэнтэй уулзаж яриа өдөөд дэлгэрүүлдэг байсан. Ийм аргаар дэлгэрүүлж танилцсан хүмүүсийн зургаа нь Еховагийн Гэрч болсон.

 Сонгуулийн үеэр заримдаа дэлгэрүүлэх боломж гардаг байв. Би хэдэн Гэрч эрчүүдтэй хамт нэг үйлдвэрт ажиллаж байлаа. Нэг өдөр өөрсдийгөө цагдаагийн ажилтан гэдгээ нуусан хэсэг хүн үйлдвэр дээр ирсэн. Тэд 1000 орчим ажилчны өмнө Еховагийн Гэрчүүд яагаад улс төрийн үйл хэрэгт оролцдоггүйг биднээс асуусан. Тэгэхэд ахлах инженер болон өөр хэдэн ажилчин бид нарыг өмөөрч, биднийг маш хариуцлагатай, хичээнгүй ажилчид гэсэн. Тэгэхээр нь бид урамшин зоригжиж цээжээр мэддэг Библийн зүйлүүдээ хэлж улс төрийн асуудлаар төвийг сахидгаа тайлбарласан. Ингэж зоригтой гэрчилсний үр дүнд 4 ажилчин Библийн үнэнийг сонирхоод хичээл заалгаж, жил хүрэхгүй хугацаанд баптисм хүртсэн.

 1970-аад оны үед Казахстаны чин сэтгэлтэй олон хүн Еховагийн Гэрч болсон учраас бид анхны чуулганыг зохион байгуулах хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ эрх баригчдын анхаарлыг татахгүйгээр яаж нууцаар цуглах вэ? Бид Алматы хотын ойролцоох нэг тосгонд болох хуримтай давхцуулан нэг өдрийн чуулган явуулахаар шийдсэн. Сүйт бүсгүй болон хүргэнийг оруулаад 300 гаруй хүн цугларч хуримаа ч, чуулганаа ч хийсэн. Ингэхийн тулд эхнэр минь хэдэн Гэрч эмэгтэйтэй хамт маш шаргуу ажиллаж цугларах газраа ч чимэглэсэн, бас амттай хоол ч хийсэн. Гэхдээ хуримд ирсэн зочид Библид үндэслэн арав гаруй илтгэл сонссон нь хамгийн их баярлууштай зүйл нь болов. Тэр өдөр би амьдралдаа анх удаа тийм олон хүний өмнө илтгэл тавьсан.

Бурхны хайрын ачаар бэрхшээлийг давсан нь

Георгий Мариа хоёр охин Людмилатайгаа

 Миний хайрт эхнэр Мариа үргэлж үнэнч туслагч байсан. Тэрбээр зөөлөн сэтгэлтэй, дуулгавартай, Хаант төрийн үйл хэргийг дандаа эн тэргүүнд тавьдаг байв. Ер нь эрч хүчтэй ч гэнэт хүнд хэлбэрийн ясны сийрэгжилттэй болж 16 жил хэвтэрт байсан. Би сайхан сэтгэлтэй охин Людмилатайгаа эхнэрээ асарч халамжилсаар тэр минь 2014 онд нас барсан даа.

 Эхнэрийгээ өвдөж шаналах үед юу ч хийж чаддаггүй байв. Гэхдээ амьдралынх нь сүүлчийн өдөр хүртэл бид хоёр хамтдаа Библи, урам сэргээм өгүүллүүд уншдаг байсан. Үе үе шинэ ертөнцийн тухай ярилцана. Заримдаа би хажууд нь чимээгүйхэн уйлдаг байв. Гэвч Еховагийн гайхалтай амлалтуудын тухай унших бүрдээ сэтгэл тайвширч, тэвчих хүчтэй болдог байсан (Дуулал 37:18; 41:3).

Георгий Дюдмила хоёр цуглаан дээр

 Хайр халамжтай Бурхан байдгийг мэдсэн цагаас хойш намайг хайрлаж, дэмжсээр байгааг нь мэдэрдэг байсан (Дуулал 34:19). Туршлагагүй залуухан намайг сайхан зан чанартай хүн болоход тэвчээртэй тусалсан хүмүүсээс Еховагийн хайрыг мэдэрсэн. Хөдөлмөрийн лагерь болон цөллөгт байсан хүнд бэрх үед Ехова Үгээрээ тусалдгийг ч мэдэрсэн. Мөн хайртай эхнэр Мариагаа үхэн үхтэл нь асарч халамжлах хүч тэнхээг Ехова хайрласан. Еховаг гэсэн хайрынхаа ачаар бэрхшээл бүхнийг давснаа өнөөдөр би баттай хэлж чадна.

a Казахстан, Молдова, Украин 1991 он хүртэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд ордог байсан.