Skip to content

Гарчиг руу орох

2

Грек Сударт гардаг Бурхны нэр

Грек Сударт гардаг Бурхны нэр

Библийн эрдэмтэд Еврей Судрын эх бичигт Бурхны нэр буюу Тетраграмматон бараг 7 000 удаа гардгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ олон хүн Христиан Грек Сударт Бурхны нэр гардаггүй гэж боддог. Тиймээс, орчин үед англи хэл рүү орчуулагдсан ихэнх Библийн Шинэ Гэрээ гэсэн хэсэгт Ехова гэдэг нэр гардаггүй. Еврей Судрын Тетраграмматонтай зүйлээс иш татсан хэсэгт ч ихэнх орчуулагч Бурхны нэрийн оронд «Эзэн» гэдэг үгийг тавьдаг.

«Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга» энэ заншлыг дагадаггүй. Христиан Грек Сударт Ехова гэдэг нэрийг нийт 237 удаа бичсэн. Нэрийг нь бичихээр шийдэхдээ орчуулагчид хоёр чухал хүчин зүйлийг авч үзсэн: 1) Өнөөдөр бидэнд байгаа грек хэлээрх бичиг нь эх бичиг биш. Одоо байгаа олон мянган бичгийн ихэнх нь эх бичгийг бичигдсэнээс хойш ядаж хоёр зуун жилийн дараа бичигдсэн. 2) Тэр үед Судрыг хуулж бичдэг хүмүүс Тетраграмматоныг «Эзэн» гэдэг утгатай грек үг буюу Кириос гэдэг үгээр сольж бичих юм уу аль хэдийн сольж бичсэнээс нь хуулж бичдэг байсан.

Шинэ ертөнцийн Библи орчуулгын хороо грек хэлний эх бичигт Тетраграмматон гарч байсан нь хөдөлгөөнгүй нотлогдсон гэж дүгнэсэн. Ингэж дүгнэсний учрыг доор тайлбарлав:

  • Есүс болон элч нарын үед хэрэглэж байсан Еврей Судрын хуулбарт бүхэлд нь Тетраграмматон гардаг байсан. Өмнө нь энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй цөөн хэдэн хүн байсан. Харин Кумраны ойролцоо Еврей Судрын I зууны үеийн хуулбар олдсоноос хойш хэн ч энэ дүгнэлтийг үгүйсгэх аргагүй болсон.

  • Есүс болон элч нарын үеийн Еврей Судрын грек орчуулгад бас Тетраграмматон гардаг байсан. Олон зууны турш эрдэмтэд Еврей Судрыг орчуулсан грек «Септуагинт»-ийн гар бичмэлд Тетраграмматон гардаггүй гэж бодож байсан. Гэхдээ XX зуунд грек «Септуагинт»-⁠ийн эртний буюу Есүсийн үед байсан хэд хэдэн тасархай нь эрдэмтдийн анхаарлыг татсан. Эдгээр тасархайд Бурхны нэрийг еврей үсгээр бичсэн байна. Тиймээс Есүсийн үед Судрын грек хэлээрх хуулбарт Бурхны нэр байсан нь тодорхой. Гэхдээ МЭ IV зуун гэхэд Ватиканы кодекс болон Синаин кодекс гэх мэтийн грек «Септуагинт»-ийн гол гар бичмэлүүдийн Эхлэл номоос Малахи номыг үзвэл өмнөх гар бичмэлүүдэд Бурхны нэр байсан хэсэгт нэрийг нь бичээгүй. Тийм учраас түүнээс хойших бичгийн Шинэ Гэрээ буюу Грек Сударт Бурхны нэр гардаггүйд гайхах хэрэггүй.

    Есүс: «Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм» гэж хэлсэн. Бас ажлаа «Эцэгийнхээ нэрээр» хийдгээ онцолсон

  • Есүс Бурхны нэрийг бусдад мэдүүлж байсан гэсэн баримт Христиан Грек Сударт байдаг (Иохан 17:6, 11, 12, 26). Есүс: «Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм» гэж хэлсэн. Бас ажлаа «Эцэгийнхээ нэрээр» хийдгээ онцолсон (Иохан 5:43; 10:25).

  • Ариун сүнсээр хөтлөгдөн бичигдсэн Христиан Грек Судрыг Еврей Судартай нийлүүлсэн учир Еховагийн нэр гэнэт алга болох нь зүйд нийцэхгүй. МЭ I зууны дундуур элч Иаков Иерусалимд байгаа ахлагчдад «Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон хэллээ» гэжээ (Үйлс 15:14). I зуунд хэн ч Бурхны нэрийг мэдэхгүй юм уу Бурхныг нэрээр нь дууддаггүй байсан бол Иаковын хэлсэн үг утгагүй байх байсан.

  • Бурхны нэрийг Христиан Грек Сударт товчилж бичсэн байдаг. Илчлэлт 19:1, 3, 4, 6-д гардаг «Халлелуяа» гэдэг үгэнд Бурхны нэр орсон байдаг. Энэ бол «Яаг магтагтун» гэсэн утгатай еврей үг юм. «Яа» бол Еховагийн нэрийн товчлол. Христиан Грек Сударт байдаг олон нэр Бурхны нэрээс гаралтай. Тайлбартай олон Библид Есүс гэдэг нэрийн утга нь «Ехова Бол Аврал» гэж бичсэн байдаг.

  • Эртний иудейчүүдийн бичсэн зүйлийг үзвэл иудей христианууд Бурхны нэрийг бичдэг байсныг мэдэж болно. Ам дамжсан хуулийг цуглуулж МЭ 300 орчим онд бичигдэж дууссан «Тосефта» гэдэг номд, христиануудын номыг, бүр Бурхны нэрийг бичсэн хуудсыг ч Амралтын өдөр шатааж болно гэж тэмдэглэжээ. «Тосефта»-д МЭ II зууны эхэнд амьдарч байсан Галилын рабби Ёсегийн хэлсэн үгийг иш татсан. Тэрбээр долоо хоногийн бусад өдөр «тэр номуудад [христиан бичээсүүдийг хэлсэн бололтой] буй Бурхны нэрийг хайчлаад хадгалж, бусад хэсгийг шатаадаг» хүний тухай хэлсэн байдаг.

  • Христиан Грек Сударт байдаг Еврей Судраас иш татсан зүйлд Бурхны нэр байсан гэж үзэх нь зөв гэж Библийн зарим эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Нэгэн толийн («Anchor Bible Dictionary») «Шинэ Гэрээнд гардаг Тетраграмматон» гэдэг гарчигтай өгүүлэлд «Х[уучин] Г[эрээнээс] аваад Ш[инэ] Г[эрээний] эх бичигт оруулсан зарим юм уу бүх ишлэлд Бурхны нэрийг заасан Тет⁠раг⁠рам⁠матон буюу Яахве байсныг батлах хэдэн баримт байна» гэж тайлбарлажээ. Эрдэмтэн Жорж Ховард: «Эртний сүмийн Судар байсан Грек Библид [«Септуагинт»] бас Тетраграмыг бичсээр байсан учир Ш[инэ] Г[эрээг] бичигчид Судраас иш татахдаа Тетраграмыг хадгалсан гэж үзэх нь зүйд нийцнэ» гэж хэлжээ.

  • Олноо алдаршсан орчуулагчид Христиан Грек Сударт Бурхны нэрийг бичсэн. Эдгээр орчуулагчийн зарим нь «Шинэ ертөнцийн орчуулга» гаргахаас бүр өмнө Бурхны нэрийг бичдэг байсан. Ийм хүмүүсийн нэр болон номыг доор жагсаав: Херман Хайнфеттерын «Ватикан гар бичмэлээс үгчлэн орчуулсан Шинэ Гэрээ» («A Literal Translation of the New Testament . . . From the Text of the Vatican Manuscript») (1863), Бенжамин Уилсоны «Эмфатик Диаглотт» («The Emphatic Diaglott») (1864), Жорж Баркер Стивенсийн «Орчин үеийн англи хэлээрх Паулын захидлууд» («The Epistles of Paul in Modern ­English») (1898), У. Г. Рутерфордын «Ромчуудад илгээсэн Гэгээн Паулын захи⁠дал» («St. Paul’s Epistle to the Romans») (1900), Лондон хотын хамба лам Ж. У. Ч. Вандын «Шинэ Гэрээний захидлууд» («The New Testament Letters») (1946). Үүнээс гадна XX зууны эхээр орчуулагч Пабло Бессон испани хэлээр орчуулсан Библийн Лук 2:15, Иуда 14-т «Хеова» (Jehová) гэж Бурхны нэрийг бичсэн бөгөөд 100 гаруй зүүлтэд үүнийг Бурхны нэрийн зөв хувилбар байх гэж бичжээ. Эдгээр орчуулга гарахаас бүр өмнө, XVI зуунаас хойших Христиан Грек Судрын еврей орчуулгуудын олон хэсэгт Тетраграмматон гардаг. Зөвхөн герман хэлээр гэхэд дор хаяж 11 орчуулга «Ехова» (эсвэл «Яахве») гэдэг нэрийг Христиан Грек Сударт бичсэн байхад 4 орчуулагч «Эзэн» гэсний ард хаалтад нэрийг нь бичжээ. 70 гаруй герман орчуулга Бурхны нэрийг зүүлтэд юм уу тайлбарт бичсэн байдаг.

    Үйлс 2:34-т бичсэн Бурхны нэр, Бенжамин Уилсоны «Эмфатик Диаглотт» («The Emphatic Diaglott») (1864)

  • Библийн 100 гаруй орчуулга Христиан Грек Сударт Бурхны нэрийг бичсэн байдаг. Африк, уугуул Америк, Ази, Европ, Номхон далайн орнуудын олон хэлэнд Бурхны нэрийг их бичдэг (12, 13-р хуудсан дахь жагсаалтыг үзнэ үү). Эдгээр хэлний орчуулагчид дээр дурдсантай төстэй шалтгаанаар Бурхны нэрийг бичихээр шийдсэн. Христиан Грек Сударт Бурхны нэрийг бичсэн зарим орчуулга нь сүүлийн үед гарсан. Тухайлбал, ротума Библийн (1999) 48 зүйлд «Жихова» гэж 51 удаа бичсэн. Бас Индонезийн батак (Тоба) хувилбарт (1989) «Жахова» гэж 110 удаа бичсэн.

    Марк 12:29, 30-д бичсэн Бурхны нэр, хавай хэлээрх орчуулга

Христиан Грек Сударт Бурхны нэр Еховаг сэргээж бичих нь зөв гэдэг нь хөдөлгөөнгүй нотлогдлоо. «Шинэ ертөнцийн орчуулга»-ын орчуулагчид ч бас энэ зарчмыг баримталсан. Бурхны нэрийг гүнээ хүндэтгэж, эх бичигт байсан юмыг хасаж зүрхлээгүй юм (Илчлэлт 22:18, 19).