Skip to content

Гарчиг руу орох

Та гутранги үзлийг ялж чадна

Та гутранги үзлийг ялж чадна

Та гутранги үзлийг ялж чадна

ТА СААД бэрхшээл тулгарсан үед яадаг вэ? Энэ асуултад юу гэж хариулахаас өөдрөг үзэлтэй юү, гутранги үзэлтэй юү гэдгийг мэдэж болно гэж олон мэргэжилтнүүд үздэг. Бид бүгдийн амьдралд янз бүрийн асуудал бэрхшээл тулгардаг, бас бусдаас илүү их зовлон туулдаг хүн ч бий. Гэхдээ яагаад зарим хүн асуудал бэрхшээлийг даваад цаашдаа урам зоригтой явж чаддаг байхад зарим хүн харьцангуй жижиг асуудалд бууж өгөөд байдаг юм бол?

Жишээ авъя. Та ажил хайж байна гээд төсөөл дөө. Та ажлын ярилцлагад ороод тэнцсэнгүй. Дараа нь энэ талаар юу гэж бодох вэ? Өөрийгөө голж «Намайг хэн ч ажилд авахгүй болохоор энэ асуудал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би хэзээ ч ажилд орохгүй юм байна» гэж бодож магадгүй. Эсвэл бүр дордуулан энэ ганц явдлаас болоод «Би хэнд ч хэрэггүй хүн» гэж бодон бүхий л амьдрал нь бүтэлгүйтсэн юм шиг санагдаж болох юм. Ингэж бодох нь гутранги үзлийн тод илрэл юм.

Гутранги үзэлтэй тэмцэх

Гутранги үзэлтэй хэрхэн тэмцэх вэ? Сөрөг бодлыг таньж сурах нь анхны чухал алхам юм. Дараагийн алхам нь энэ бодолтойгоо тэмцэх. Өөр ямар шалтгаан байж болох талаар бодоорой. Жишээлбэл, хэн ч таныг ажилд авахыг хүсээгүй учраас тэнцүүлээгүй гэдэг үнэн үү? Эсвэл ажил олгогч тодорхой шаардлага хангасан хүнийг хайж байсан юм болов уу?

Ийм сөрөг бодлууд тань үнэхээр үнэн эсэхийг шалгаж бодит байдлыг бодоорой. Нэг удаа бүтэлгүйтлээ гээд угаасаа бүтэлгүй хүн гэсэн үг үү? Найз нөхөд, гэр бүл, хурал гэх мэт амьдралын бусад хүрээнд бүтэмжтэй зүйл байдаг биз дээ? Таны хамгийн сөрөг бодлууд бодит үнэнтэй нийцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тэр бодлоо авч хаяж сураарай. Та хэзээ ч ажилд орж чадахгүй гэдгээ сайн мэдэхгүй биз дээ? Гутранги юм бодохгүй байхад тус болох өөр зүйл ч бий.

Зорилгоо бодож өөдрөг байх

Сүүлийн жилүүдэд судлаачид итгэл найдварын талаар жаахан явцуу боловч сонирхолтой тодорхойлолт гаргасан. Тэд итгэл найдварыг зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй холбож үзсэн. Дараагийн өгүүллээр итгэл найдварын талаар илүү өргөн хүрээнд авч үзнэ. Харин энэ тодорхойлолт нь олон сайн талтай гэж хэлж болно. Итгэл найдварыг ингэж үзэх нь зорилгоо бодож илүү өөдрөг байхад тусална.

Ирээдүйн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байхын тулд өмнө нь зорилго тавиад түүндээ хүрсэн туршлагатай байх хэрэгтэй. Хэрэв тийм туршлага байхгүй юм шиг санагдвал өөртөө ямар зорилго тавьдаг талаараа бодох нь сайн. Эхлээд, танд зорилго бий юү? Өдөр тутмын амьдралдаа автаад «Миний хувьд юу хамгийн чухал бэ? Би яг юу хүсдэг вэ?» гэдгээ бодохоо болих амархан. Амьдралынхаа эн тэргүүнд юуг тавихаа шийдэх талаар нэг сайхан санааг Библид «Илүү чухал юмыг магадалдаг бай» гэж олон жилийн өмнө бичжээ (Филиппой 1:10).

Амьдралдаа юуг хамгийн чухал гэж үзэхээ тодорхойлбол амьдралын янз бүрийн хүрээнд, жишээлбэл гэр бүл, ажил сургууль болон Бурхнаа шүтэхтэй холбоотой зорилго тавихад илүү амар болно. Гэхдээ нэг дор олон зорилго тавихгүй байх нь чухал. Бас тавьсан зорилго болгондоо амархан хүрэхээр байх хэрэгтэй. Хэрэв хүрэхэд хэтэрхий хэцүү зорилго тавивал урам хугарч, бууж өгч болох юм. Тиймээс урт хугацаанд биелэх том зорилгоо богино хугацаанд биелүүлэх жижиг жижиг зорилго болгож хуваах нь сайн.

«Санаж явбал бүтнэ». Энэ зүйр үгэнд үнэний хувь бий. Хамгийн чухал зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд шийдэмгий, сэтгэлийн тэнхээтэй, зорилгодоо хүрэх чин хүсэлтэй байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх хүслээ бадраахын тулд яагаад энэ зорилгыг тавьсан бэ, зорилгодоо хүрвэл ямар ач тустай вэ гэдгийг бодох нь сайн. Мэдээж асуудал бэрхшээл тулгарах нь ойлгомжтой, гэхдээ түүнийг хэзээ ч давж чадахгүй даваа гэж бодохын оронд давах ёстой даваа гэж үзээрэй.

Нөгөө талаас, зорилгодоо яаж хүрэх аргыг бас бодох хэрэгтэй. Итгэл найдварын ач тусын талаар сайн судалсан зохиолч С. Р. Снайдер, зорилгодоо хүрэх хэд хэдэн аргыг бодвол сайн гэж зөвлөсөн. Тэгвэл эхний арга бүтэхгүй бол дараа дараагийн аргыг ашиглаж болно.

Снайдер бас зорилгоо хэзээ өөрчлөх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй гэж хэлсэн. Үнэхээр хүрэх боломжгүй болсон зорилгыг бодоод байвал зөвхөн урам хугарна. Үүний оронд хүрч чадах зорилго тавивал шинэ зорилгодоо хүрнэ гэсэн итгэл найдвартай болно.

Үүнийг ойлгоход тус болох нэг жишээ Библид байдаг. Давид хаан өөрийн Бурхан Еховад сүм барихыг ихэд хүсэн ийм зорилго тавьжээ. Гэхдээ Бурхан сүм барих завшааныг Давидад биш хүү Соломонд нь өгнө гэсэн. Ийм урамгүй мэдээ сонсоод Давид дургүйцэж зөрүүдлэхийн оронд зорилгоо өөрчилсөн. Тэрбээр хүүгийнхээ хийх энэ ажилд хэрэгтэй эд материалыг цуглуулахад хамаг хүчээ зориулжээ (Хаадын дээд 8:17–19; Шастирын дээд 29:3–7).

Гутранги үзэлтэйгээ тэмцэж, зорилгоо бодон өөдрөг үзэлтэй болоод өмнөхөөсөө илүү итгэл найдвартай болсон байж мэдэх юм. Гэсэн хэдий ч бүр их итгэл найдвар хэрэгтэй юм шиг санагдаж магадгүй. Яагаад гэвэл энэ ертөнцөд итгэл найдварыг үгүй хийдэг олон асуудал бэрхшээл биднээс шалтгаалдаггүй. Ядуурал, дайн, шударга бус явдал, хэзээ ч тохиолдож болох өвчин эмгэг, үхэл хагацал гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгардаг дааж давшгүй асуудал бэрхшээлийг бодвол яаж итгэл найдвартай байх вэ?

[7-р хуудасны зураг]

Хэрэв та хүссэн ажилдаа орж чадаагүй бол хэзээ ч ажилд орж чадахгүй гэж бодох уу?

[8-р хуудасны зураг]

Давид хаан нөхцөл байдалд тохируулан зорилгоо өөрчилсөн