Skip to content

Гарчиг руу орох

Та ялж чадна!

Та ялж чадна!

Та ялж чадна!

ТАНЫ хувьд одоо «зоригтой байж, үйлдэх» цаг ирчихээд байна (Шастирын дээд 28:10). Тамхинаас гарна гэсэн зорилгодоо хүрэхийн тулд хамгийн сүүлд ямар алхам хийж болох вэ?

Огноо тогтоох. АНУ-ын Эрүүл мэндийн яамны зөвлөж буйгаар «Тамхинаас гарахаар шийдсэн л бол хоёр 7 хоногоос хэтрэхгүй шийдвэрийнхээ дагуу тамхи татахаа болиорой» гэжээ. Тэгвэл тамхинаас гарахыг улам хүснэ. Тамхинаас гарна гэсэн өдрөө календарь дээр дугуйлаад найзууддаа бас хэлээрэй. Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч товлосон өдрөө битгий өөрчлөөрэй.

Тэмдэглэл бичих. Энэ тэмдэглэл дээр дараах зүйлүүдийг юм уу тамхинаас гарахад тань урам зориг өгөх үгийг бичиж болох юм.

● Тамхинаас гарах шалтгаан

● Бууж өгмөөр санагдсан үедээ тусламж хүсэж холбоо барих хүмүүсийн дугаар

● Зорилгодоо хүрэхэд тустай юм бодох. Жишээ нь Библийн Галат 5:22, 23 гэх мэт зүйл

Тэмдэглэлээ биедээ авч яван өдөрт хэд хэдэн удаа уншиж байгаарай. Тамхинаас гарсан ч гэнэт татмаар санагдвал гаргаад хараарай.

Тамхитай холбоотой үйлдлүүдээ болих. Тамхинаас гарах өдрөөсөө урьтаж тамхитай холбоотой зуршлуудаа хаяарай. Жишээлбэл өглөө босонгуутаа тамхилдаг бол нэг цаг тэсэх гээд үзээрэй. Хоолны үеэр эсвэл хоол идэж дуусангуутаа тамхи татдаг бол энэ хэвшлээ болиорой. Хүмүүсийн тамхи татдаг газраас хол байгаарай. Ганцаараа байхдаа «Баярлалаа, би татахаа больсон» гэж хэлж дасгал хийгээрэй. Эдгээр нь маш сайн бэлтгэл болдог бөгөөд яг товлосон өдрөө гарч чадна. Бас тамхинаас гарах гэж байгааг тань ойр ойрхон сануулна.

Нөхцөл бүрдүүлэх. Тамхинаас гарах өдөр ойртоход орлуулах юмнуудыг бэлдээрэй. Жишээлбэл, савхан хэрчсэн лууван, бохь, самар гэх мэтийн амны зугаа байж болно. Хэдэнд тамхинаас гарахаа гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлж, тусламж авмаар байгаагаа хэлээрэй. Товлосон өдөр болохоос өмнө гэр, машин, халаасанд эсвэл ажил дээр байгаа асаагуур, үнсний сав гэх мэт татчихмаар санагдуулах өөр юу байна, тэдгээрийг хаяарай. Шургуулганд тамхи байвал аваад л татчихна. Харин хүнээс гуйх юм уу, гадагшаа гарч худалдаж авах хэцүү шүү дээ. Түүнээс гадна, Бурхнаас тусламж гуйх хэрэгтэй. Ялангуяа сүүлийнхээ тамхийг татсаны дараа бүр шаргуу залбирах хэрэгтэй (Лук 11:13).

Харгис хэрцгий, хуурамч найз болох тамхинаас тоймгүй олон хүн холбоогоо тасалж чадсан. Та ч бас чадна. Эрүүл мэнд тань сайжирч, эрх чөлөөтэй болох цаг таныг хүлээж байна.

[Зураг]

Тэмдэглэлээ биедээ авч яван, өдөрт хэд хэдэн удаа уншиж байгаарай