Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 1

Бурхан бүтээж эхэлсэн нь

Бурхан бүтээж эхэлсэн нь

БИДЭНД байдаг сайн сайхан бүхнийг Бурхан өгсөн билээ. Өдөр гэрэлтэй байлгахын тулд нарыг, шөнө гэгээтэй байлгахын тулд сар, одыг бүтээжээ. Бас хүмүүс бидэнд зориулж дэлхийг бүтээсэн байна.

Гэхдээ нар, сар, од, дэлхий Бурхны хамгийн анхны бүтээл биш ажээ. Бурхан хамгийн анх юу бүтээснийг чи мэдэх үү? Эхлээд өөртэйгөө адилхан сүнсэн биетүүдийг бүтээсэн. Бид Бурхныг харж чаддаггүй шиг тэднийг бас харж чадахгүй. Тэднийг Библид «тэнгэр элчүүд» гэж нэрлэдэг. Бурхан тэнгэр элчүүдийг өөртэйгөө хамт тэнгэрт байлгах гэж бүтээсэн.

Бурхны бүтээсэн анхны тэнгэр элч туйлын онцгой байв. Тэр Бурхны ууган Хүү байсан бөгөөд Эцэгтэйгээ хамтран ажилладаг байв. Тэр тэнгэр элч Бурханд тусалж, нар, сар, од болон бусад бүх юмыг, манай дэлхийг ч бас бүтээлцжээ.

Тэр үед дэлхий ямар байсан бэ? Анхандаа дэлхий дээр асар том далайгаас өөр юу ч байсангүй. Гэвч Бурхан дэлхий дээр хүмүүсийг амьдруулъя гэж бодоод, бэлдэж эхэлжээ. Юу хийсэн бэ?

Хамгийн түрүүнд гэрэл хэрэгтэй байлаа. Тийм учраас Бурхан нарны гэрлийг дэлхий уруу тусгасан. Ингэж өдөр, шөнийг бий болгов. Дараа нь хуурай газрыг далайгаас ил гаргав.

Эхлээд газрын хөрсөн дээр юу ч үгүй байв. Газар дэлхий чиний харж байгаа зураг дээрх шиг л байв. Цэцэг ч, мод ч, амьтан ч байгаагүй. Далайд ганц ч загас байсангүй. Дэлхий дээр хүн, амьтан амьдрахад тохиромжтой болгохын тулд Бурхан их ажил хийх хэрэгтэй байлаа.