Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 7

Зоригтой хүн

Зоригтой хүн

ДЭЛХИЙ дээр хүн олон болох тусам ихэнх нь Каин шиг муу үйл хийдэг болжээ. Гэвч нэг хүн тэднээс ялгарч байлаа. Тэр бол энд зогсож байгаа Енох гэдэг хүн юм. Енох зоригтой хүн байв. Эргэн тойрных нь хүмүүс бүгдээрээ их муухай юм хийдэг ч Енох Бурханд үйлчилсээр байв.

Тэр хүмүүс яагаад муу юм их хийдэг байсныг чи мэдэх үү? Хэн Адам Ева хоёрыг Бурханд дуулгаваргүй болгож, Бурхны хориглосон жимсийг идүүлсэн билээ? Тийм ээ, муу тэнгэр элч. Библид түүнийг Сатан гэдэг. Тэр тэнгэр элч бүх хүнийг муу болгохыг хичээдэг.

Нэг өдөр Ехова Бурхан хүмүүст мэдээ хүргүүлэхээр Енохыг илгээжээ. Гэтэл хүмүүс тэр мэдээг сонсохыг хүссэнгүй. Учир нь: «Бурхан бүх муу хүнийг устгах гэж байна» гэсэн мэдээ байлаа. Тэд үүнийг сонсоод, маш их уурласан байх аа. Тэр ч байтугай Енохыг алахыг оролдсон ч байж магадгүй. Тийм учраас Бурхны хийх гэж байгаа зүйлийг хүмүүст хэлэхийн тулд Енох их зоригтой байх хэрэгтэй байлаа.

Бурхан Енохыг энэ муу хүмүүсийн дунд удаан амьдруулаагүй. Енох дөнгөж 365 насалжээ. «Дөнгөж 365 насалсан» гэнэ үү? Учир нь тэр үеийн хүмүүс одоогийн хүмүүсийг бодвол эрүүл чийрэг, их урт настай байжээ. Енохын хүү Метусела гэхэд л 969 насалсан гээд бод доо!

Енохыг нас барснаас хойш хүмүүс бүр муу болсон. Библид: «Тэд үргэлж муу юм боддог болж, дэлхий хүчирхийллээр дүүрэв» гэж бичсэн байдаг.

Тэр үед дэлхий дээр тийм их гай зовлон учирч байсан нэг шалтгааныг чи мэдэх үү? Энэ бол Сатан хүмүүсээр муу юм хийлгэх шинэ аргатай болсон явдал юм. Энэ тухай дараагийн өгүүллэгээс мэдье.