Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 16

Исаак сайн эхнэр авсан нь

Исаак сайн эхнэр авсан нь

ЗУРАГ дээрх эмэгтэй хэн бэ? Ребека байна. Уулзахаар очиж яваа хүнийг нь Исаак гэдэг. Ребека түүний эхнэр болох аж. Харин яаж ийм юм болох болов?

Исаакийн аав Абрахам хүүдээ сайн эхнэр авч өгөхийг хүсжээ. Канаанчууд хуурамч бурхдыг шүтдэг болохоор Абрахам Исаакийг Канаан нутгийн бүсгүйтэй гэрлүүлэхийг хүсэхгүй байв. Тиймээс зарцаа дуудаад: «Би чамайг садан төрлийнхнийхөө амьдардаг Харан уруу явуулж, хүү Исаактаа эхнэр олуулмаар байна» гэж хэлжээ.

Ингээд Абрахамын зарц арван тэмээ хөтлөөд, холын аянд гарчээ. Тэрбээр Абрахамын төрөл төрөгсдийн амьдардаг нутагт ойртож ирээд, нэгэн худгийн дэргэд буудаллав. Орой болж, хотын бүсгүйчүүд ус авахаар худаг уруу ирэх цаг дөхөж байлаа. Тиймээс Абрахамын зарц Еховад хандан: «Исаакт эхнэр болгохоор таны сонгосон тэр бүсгүй надад ус өгч, тэмээнүүдийг минь услах болтугай» хэмээн залбирчээ.

Удалгүй Ребека ус авахаар хүрч ирэв. Зарцыг уух юм гуйхад эмэгтэй түүнд ус утган өгчээ. Дараа нь ангаж цангасан тэмээнүүдийг нь услав. Тэмээ маш их ус уудаг болохоор Ребека ядартлаа ус татжээ.

Ребекаг тэмээ усалж дуусахад Абрахамын зарц түүнээс эцгийнх нь нэрийг асуув. Бас гэртээ хонуулахыг гуйжээ. Хариуд нь Ребека: «Аавыг минь Бетуел гэдэг. Та манайд хоногтун» гэж хэлэв. Бетуел бол Абрахамын ах Нахорын хүү гэдгийг зарц мэдэж байлаа. Тиймээс тэр сөхөрч суугаад Абрахамын төрөл төрөгсөдтэй уулзуулж өгсөнд нь Еховад талархав.

Тэр орой Абрахамын зарц, Бетуелд болон Ребекагийн ах Лабанд ирсэн хэрэг зоригоо хэлэв. Тэд хоёул Ребекаг түүнтэй явуулж, Исаактай гэрлүүлэхийг зөвшөөрчээ. Харин Ребекагаас өөрөөс нь асуухад тэр юу гэж хариулсан бол оо? Тэр явахыг хүсэж байсан тул «Явна» гэж хариулав. Тэгээд маргааш өдөр нь тэд тэмээ унаад, Канаан уруу буцах алсын замд гарчээ.

Тэднийг ирэхэд орой болсон байлаа. Ребека талд яваа нэг хүнийг харав. Тэр нь Исаак аж. Исаак Ребекаг хараад, их баярлажээ. Эх Сара нь нас бараад гурван жил өнгөрсөн ч Исаак гашуудсаар байлаа. Харин одоо Исаак Ребекад маш их хайртай болж, эргээд баяр баясгалантай болов.