Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 24

Иосеф ах нараа туршсан нь

Иосеф ах нараа туршсан нь

АРВАН ахынхаа өөдгүй зан, хатуу сэтгэл өөрчлөгдсөн эсэхийг Иосеф мэдэхийг хүсэж байлаа. Тиймээс тэр: «Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна» гэж хэлэв.

Тэд: «Үгүй, бид туршуулууд биш, үнэнч хүмүүс. Бид бүгдээрээ ах дүүс. Эцэг эхээсээ арван хоёулаа байсан. Гэвч нэг маань байхгүй болсон. Харин отгон дүү маань гэртээ аавтай үлдсэн» гэв.

Иосеф тэдэнд итгээгүй дүр үзүүлэв. Тэр Симеон гэдэг ахаа шоронд үлдээгээд бусдад нь хоол хүнс өгөн, гэр уруу нь буцаажээ. Харин тэднийг явахад нь: «Та нар эргэж ирэхдээ отгон дүүгээ дагуулж ирээрэй» гэж хэлжээ.

Тэд Канаанд, гэртээ ирээд болсон бүгдийг аав Иаковтаа ярив. Иаков маш их гунихрав. Тэгээд: «Иосеф байхгүй болсон. Одоо Симеон байхгүй боллоо. Би та нарт отгон хүү Бениаминаа өгөхгүй» хэмээн уйлан хэлжээ. Гэвч хоол хүнс нь дуусахад Иаков хоол хүнс авчруулахаар тэднийг Египет уруу явуулахдаа Бениаминыг ч бас явуулав.

Иосеф ах дүү нарынхаа ирж явахыг харлаа. Тэр дүү Бениаминаа хараад маш их баярлажээ. Харин тэдний хэн нь ч энэ чухал хүн бол Иосеф гэдгийг мэдэхгүй байв. Иосеф эцэг нэгт 10 ахыгаа туршихаар шийдлээ.

Ах нарынхаа бүх богцыг хоол хүнсээр дүүргэхийг зарц нартаа тушаажээ. Мөн тэдэнд мэдэгдэлгүйгээр тусгай мөнгөн аягаа Бениамины богцонд хийлгэв. Дараа нь замд гараад холдоогүй байхад нь тэдний араас зарц нараа явууллаа. Зарц нар тэднийг гүйцэж очоод: «Та нар яагаад манай эзний мөнгөн аягыг хулгайлсан бэ?» гэж асуув.

«Бид аваагүй. Хэрэв бидний хэн нэгнээс аягыг олбол тэр хүнийг алсугай» гэж тэд хэлэв.

Тэгээд энэ зураг дээр харуулснаар зарц нар бүх богцыг нэгжин, эцэст нь Бениамины богцноос аягыг олжээ. Зарц нар: «Та нар явж болно. Харин Бениамин бидэнтэй хамт явах ёстой» гэлээ. Одоо 10 ах нь яах бол?

Тэд бүгд Бениаминтай хамт Иосефынд буцаж очив. Иосеф ах нартаа: «Та нар бүгд гэртээ харьж болно. Харин Бениамин миний боол болж энд үлдэг» гэж хэлэв.

Тэгэхэд нь Иуда: «Хэрэв энэ хүү бидэнтэй хамт харихгүй бол аав минь үхнэ. Яагаад гэвэл аав маань Бениаминд их хайртай. Харин намайг боолоо болгон үлдээж, энэ хүүг гэрт нь буцаана уу» гэж гуйлаа.

Ах нар нь өөрчлөгдсөнийг Иосеф мэдэв. Тэд дахин өөдгүй зан, хатуу сэтгэл гаргаагүй ажээ. Одоо Иосефын юу хийхийг үзэцгээе.