Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 25

Гэр бүлээрээ Египет уруу нүүсэн нь

Гэр бүлээрээ Египет уруу нүүсэн нь

ИОСЕФ сэтгэлээ барьж чадсангүй. Тэр зарц нартаа өрөөнөөс гарахыг тушаав. Тэгээд ах дүү нартайгаа үлдмэгц уйлж гарав. Ах дүү нар нь Иосефын яагаад уйлсныг ойлгоогүй тул мэл гайхсан биз ээ. Эцэст нь тэр: «Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу?» гэж асуулаа.

Ах дүү нар нь хариу хэлж чадахгүй болтлоо гайхаж хоцров. Тэд айжээ. Гэтэл Иосеф: «Алив наашаа ойртооч» гэсэнд тэд түүнд ойртон очив. «Би та нарын Египетэд худалдсан дүү Иосеф чинь байна» гэж нэмж хэлэв.

Иосеф эелдэгхэнээр: «Намайг ийш нь худалдсан гэж өөрсдийгөө бүү зэмлэ. Үнэндээ, хүмүүсийн амийг аврахын тулд Бурхан л намайг Египет уруу илгээсэн байна. Фараон намайг бүх улсынхаа захирагч болгосон. Тиймээс даруйхан эцэгт минь буцаж очоод, энэ тухай хэлэгтүн. Мөн энд ирж амьдар гэж хэл» гэв.

Дараа нь Иосеф ах дүү нараа бүгдийг нь тэвэрч үнсэв. Фараон Иосефын ах дүү нар ирснийг сонсоод Иосефт: «Тэд хөсөг тэрэг аваад яваг. Тэгээд эцгээ, гэр орныхныгоо аваад энд ирэг. Би тэдэнд Египетийн хамгийн сайхан нутгийг өгье» гэж хэлэв.

Тэд ёсчлон хийжээ. Бүх гэр бүлээрээ Египетэд хүрч ирэхэд нь Иосеф аавтайгаа уулзаж байгааг энэ зураг дээр харуулжээ.

Иаковын гэр бүл өнөр өтгөн болсон байв. Тэднийг Египетэд нүүж ирэх үед Иаков болон түүний хүүхдүүд, ач зээ нарыг оруулаад тоолоход нийтдээ 70 хүн болсон байлаа. Дээр нь тэдний эхнэрүүд, бас олон зарц байсан биз ээ. Тэд бүгд Египетэд суурьшив. Бурхан Иаковын нэрийг Израиль гэдэг нэрээр сольсон тул тэднийг «израильчууд» гэж нэрлэх болжээ. Израильчууд Бурхны хувьд маш онцгой хүмүүс болсон гэдгийг бид хожим мэднэ.