Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 26

Иов бол Бурханд үнэнч хүн

Иов бол Бурханд үнэнч хүн

ЧИ ЭНЭ өвчтэй хүнийг хараад өрөвдөж байна уу? Түүнийг Иов гэдэг. Харин дэргэд нь байгаа эмэгтэй түүний эхнэр ажээ. Эхнэр нь Иовд юу хэлж байгааг чи мэдэх үү? «Бурхнаа хараагаад үх» гэж байна. Яагаад ингэж хэлэх болов? Бас Иов яагаад ингэтлээ зовох болов? Мэдэцгээе.

Иов Еховад дуулгавартай, үнэнч хүн байлаа. Тэр Канаанаас холгүй Уз нутагт аж төрдөг байв. Ехова Иовыг их хайрладаг байв. Гэтэл түүнийг үзэн яддаг нэгэн бас байжээ. Тэр нь хэн бэ?

Тэр бол Сатан Диавол юм. Сатан Еховаг үзэн яддаг муу тэнгэр элч гэдгийг санаарай. Тэрбээр Адам Ева хоёрыг Еховад дуулгаваргүй болгосон төдийгүй бүх хүнийг Еховад дуулгаваргүй болгож бас чадна гэж бодсон ажээ. Гэвч тэгж чадсан уу? Үгүй. Үүнээс өмнө танилцсан үнэнч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай бодоод үз л дээ. Тэднээс чи хэдийг нь нэрлэж чадах вэ?

Иаков Иосеф хоёрыг Египетэд нас барснаас хойш Еховад хамгийн үнэнч байсан хүн нь Иов юм. Сатан бүх хүнийг муу болгож чадахгүй гэдгийг Ехова түүнд мэдүүлэхийг хүсэж байсан тул: «Иов надад хэчнээн үнэнч байгааг харагтун» гэж хэлэв.

Хариуд нь Сатан: «Та Иовыг ивээж, баян чинээлэг байлгадаг учраас л тэр танд үнэнч байгаа юм. Хэрэв та энэ бүгдийг буцааж авбал тэр таныг хараана даа» гэв.

Тэгэхэд нь Ехова: «Явж, түүнд байгаа бүгдийг ав. Хүссэн бүхнээ Иовд хий. Тэгээд намайг хараах эсэхийг нь харъя. Харин чи түүнийг алж болохгүй шүү» гэж хэлэв.

Эхлээд Сатан хүмүүсээр Иовын үхэр, тэмээг хулгайлуулаад, хонийг нь алуулжээ. Дараа нь их салхи дэгдээж, хөвгүүд охид нийлсэн 10 хүүхдийнх нь амийг хөнөөжээ. Ингэснийхээ дараа Иовыг ийм хүнд өвчтэй болгов. Иов маш их зовж шаналж байлаа. Ийм учраас эхнэр нь түүнд: «Бурхнаа хараагаад үх» гэж хэлсэн ажээ. Гэвч Иов тэгсэнгүй. Бас гурван хуурамч найз нь ирээд, түүнийг муу юм хийж явжээ гэж хэлэв. Тэглээ ч Иов Бурханд үнэнч хэвээрээ үлджээ.

Үүнд нь Ехова маш их баярлаж, хожим Иовыг шагнасныг чи зураг дээрээс харж байна. Бурхан Иовын өвчнийг эдгээж өгөв. Иов 10 хөөрхөн хүүхэдтэй, урьдынхаасаа хоёр дахин олон үхэр, хонь, тэмээтэй болжээ.

Чи Иов шиг, Еховад үргэлж үнэнч байх уу? Хэрэв үнэнч байвал Бурхан чамайг ч мөн шагнана. Дэлхийг бүхэлд нь Еден цэцэрлэг шиг үзэсгэлэн төгөлдөр болгоод чамайг тэнд мөнх амьдруулна.