Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 28

Бяцхан Мосе хэрхэн аврагдсан нь

Бяцхан Мосе хэрхэн аврагдсан нь

ЭНЭ хатагтайн хуруунаас зуурчихаад уйлж байгаа нялх хүүхдийг хараач. Энэ бол Мосе. Харин энэ үзэсгэлэнт хатагтай хэн бэ? Фараоны төрсөн охин, Египетийн гүнж ажээ.

Мосегийн ээж египетчүүдэд хүүгээ алуулахыг хүсээгүй учир түүнийг гурван сар нуужээ. Гэвч Мосег египетчүүд олчихно гэдгийг мэдэж байсан тул хүүгээ аврах гэж ийм нэг арга сэдэв.

Сагс авч, түүнийгээ ус нэвтрэхгүй болгов. Дараа нь Мосег сагсанд хийж, Нил мөрний дагуу өндөр ургасан зэгсэн дунд тавилаа. Мосегийн эгч Мириам зайдуухан зогсоод, юу болохыг харж байх ёстой байв.

Удалгүй фараоны охин усанд орохоор Нил мөрөн уруу хүрч ирэв. Тэгтэл өндөр ургасан зэгсэн дунд сагс байхыг олж харлаа. Тэгээд шивэгчнээ дуудаж: «Тэр сагсыг надад авчирч өг» гэж тушаав. Сагсыг нээж үзэхэд ямар хөөрхөн хүү байсан гэж санана! Гүнж бяцхан Мосегийн уйлж байгааг хараад өрөвджээ. Тэр түүнийг алуулахыг хүсэхгүй байлаа.

Тэгтэл Мириам түүн дээр хүрч ирэв. Энэ зураг дээрээс чи түүнийг харж байгаа байх. Мириам фараоны охиноос: «Би явж, энэ хүүхдийг асрах израиль эмэгтэйг дуудаж өгөх үү?» гэж асуулаа.

— Тэг гэж гүнж хариулав.

Тэгээд Мириам ээждээ хэлэхээр хар хурдаараа гүйж одлоо. Мосегийн ээжийг гүнж дээр хүрч ирэхэд тэр түүнд: «Энэ хүүхдийг авч, надад асарч өг. Би хөлсийг нь өгнө» гэж хэлэв.

Тийнхүү Мосегийн эх төрсөн үрээ асарчээ. Өсөж том болсон хойно нь ээж нь Мосегоо фараоны охинд авчирч өгөв. Гүнж Мосег хүүгээ болгон үрчилж авчээ. Мосе фараоны гэрт өсөж торнисон нь ийм учиртай.