Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 29

Мосегийн зугтсаны учир

Мосегийн зугтсаны учир

ЕГИПЕТЭЭС Мосегийн зугтаж байгааг хар даа. Араас нь хөөж байгаа хүмүүсийг харж байна уу? Тэд яагаад Мосег алах гэснийг чи мэдэх үү? За тэгвэл, бүгдээрээ учрыг нь олохыг хичээе.

Мосе Египетийн фараоны гэрт өсөж торнижээ. Тэр их ухаантай, нэр алдартай хүн болов. Мосе өөрийгөө египет хүн биш, төрсөн эцэг эх нь израиль боолууд гэдгийг мэддэг байжээ.

40 настай байхдаа Мосе нэг өдөр ард түмэн нь хэрхэн амьдарч байгааг очиж үзэхээр шийджээ. Египетчүүд тэдэнтэй яаж харьцдагийг харахад аймшигтай байв. Нэг египет хүн израиль боолыг зодож байхыг тэр үзлээ. Эргэн тойрноо харахад хэн ч байгаагүй тул Мосе тэр египет хүнийг зодов. Тэгтэл тэр хүн үхжээ. Тэгэхлээр нь түүнийг элсэнд булж орхив.

Маргааш нь Мосе израильчуудыг харахаар дахин тэдэн дээр хүрч ирэв. Тэр тэдэнд тусалж, тэднийг боолчлолоос чөлөөлж чадна гэж бодож байлаа. Гэтэл Мосе хоёр израиль хүний зодолдож байхыг хараад буруутайд нь хандан: «Чи юунд дүүгээ зодно вэ?» гэж хэлэв.

Тэр хүн хариуд нь: «Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ? Чи тэр египет хүнийг алсан шигээ намайг алах гээ юү?» гэжээ.

Мосе их айлаа. Египет хүнийг яасныг нь хүмүүс мэдчихжээ гэдгийг тэр ойлгов. Фараон ч энэ тухай мэдсэн тул түүнийг алуулахаар цэргүүдээ явуулжээ. Иймээс Мосе Египетээс зугтахаас өөр аргагүй болжээ.

Мосе Египетийг орхин, алс холын Мидиан нутаг уруу зугтлаа. Тэр тэнд Иетрогийн гэрийнхэнтэй танилцаж, Зиппора гэдэг охинтой нь гэрлэв. Мосе хоньчин болж, Иетрогийн хонийг хариулах болов. Мидиан нутагт амьдраад 40 жил болжээ. Одоо тэр 80 настай. Нэг өдөр Мосег хонио хариулж явтал амьдралыг нь үндсээр нь өөрчилсөн нэгэн гайхалтай үйл явдал болжээ. Чухам ямар үйл явдал болсныг чи дараагийн хуудаснаас мэдэх болно.