Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 30

Шатаж буй бут

Шатаж буй бут

МОСЕ хонио идээшлүүлэхээр Хореб ууланд хүрч ирэв. Тэр тэнд нэгэн бутанд гал дүрэлзэж байвч, бут шатахгүй байгааг харжээ.

«Хачин юм даа. Ойртож очоод, бүр сайн харъя байз» хэмээн бодов. Түүнийг ойртох гэтэл бутан дундаас: «Наашаа бүү ойрт. Зогсож байгаа газар чинь ариун учир шаахайгаа тайл» гэх дуу гарлаа. Бурхан тэнгэр элчээр дамжуулан ярьсан учир Мосе нүүрээ нуужээ.

Тэгээд Бурхан: «Миний ард түмэн Египетэд зовж байгааг би харж байна. Тиймээс би тэднийг чөлөөлнө. Ард түмнээ Египетээс удирдан гаргуулахаар чамайг явуулъя» гэж хэлэв. Ехова ард түмнээ үзэсгэлэнтэй сайхан Канаан нутагт аваачихаар шийджээ.

Гэвч Мосе: «Би бол өчүүхэн амьтан. Үүнийг хэрхэн биелүүлж чадах билээ? Тийшээ очлоо гэж бодъё. Израильчууд надаас: „Чамайг хэн явуулав?“ гэж асуувал би юу гэж хэлэх вэ?» гэв.

«„Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЕХОВА намайг та нар уруу явууллаа“ гэж тэдэнд хэл» хэмээн Бурхан айлдав. Тэгээд: «Энэ бол миний мөнхийн нэр» гэлээ.

Хариуд нь Мосе: «Гэвч таныг, намайг илгээлээ гэж хэлэхэд минь тэд итгэхгүй бол яах вэ?» гэв.

— Гарт чинь байгаа юм юу вэ? гэж Бурхныг асуухад,

— Таяг гэж Мосе хариулав.

«Таягаа газар хая» гэж Бурхан хэлэв. Таягаа газар хаятал тэр нь могой болон хувирчээ. Дараа нь Ехова Мосед өөр нэгэн гайхамшиг үзүүлэв. Тэр: «Гараа өвөртөө хий» гэлээ. Мосег гараа өвөртөө хийгээд автал гар нь цас шиг цагаан болсон байлаа! Уяман гэдэг муухай өвчин туссан юм шиг болжээ. Дараа нь Ехова Мосег гурав дахь гайхамшиг үйлдэх чадвартай болгожээ. Энэ бүхний эцэст: «Эдгээр гайхамшгийг үйлдэхэд чинь чамайг би явуулсан гэдэгт израильчууд итгэх болно» гэж хэлэв.

Тэгээд Мосе гэртээ харьж ирээд Иетрод: «Би Египетэд байгаа ах дүү нараа хэрхэн аж төрж байгааг хармаар байна. Та намайг явуулаач» гэж гуйв. Иетро зөвшөөрч, түүнтэй салах ёс хийхэд Мосе Египетэд очих аян замдаа гарлаа.