Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 31

Мосе Аарон хоёр фараонтой уулзсан нь

Мосе Аарон хоёр фараонтой уулзсан нь

МОСЕ Египетэд буцаж ирээд, ах Аарондаа Хореб ууланд болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьжээ. Тэгээд дараа нь Мосе Аарон хоёр израильчуудад гайхамшиг үзүүлсэнд Ехова тэдэнтэй хамт байгаа юм байна гэдэгт бүгдээрээ итгэжээ.

Дараа нь Мосе Аарон хоёр фараонтой уулзахаар очив. Тэд түүнд: «Израилийн Бурхан Ехова: „Миний ард түмнийг гурав хоног явуул. Тэд цөлд надад тахил өргөнө“ гэж хэлүүллээ» гэв. Гэвч фараон хариуд нь: «Би Еховад итгэдэггүй. Израильчуудыг ч явуулахгүй» гэж хэлжээ.

Хүмүүс Еховад мөргөл үйлдэх нэрээр ажлаа хаяж явах нь хэмээн фараон маш их уурлажээ. Тэгээд тэдний ажлыг улам хэцүү болгов. Өөрсөдтэй нь харгис хэрцгий харьцах болсонд израильчууд Мосег буруутгав. Үүнээс болж Мосе их гутарчээ. Гэвч Ехова сэтгэлийг нь засан: «Фараон миний ард түмнийг явуулах болно» гэж хэлэв.

Мосе Аарон хоёр фараонтой уулзахаар дахин очлоо. Энэ удаа тэд гайхамшиг үйлджээ. Аарон таягаа газар хаяхад тэр нь том могой болон хувирав. Фараоны мэргэд ч бас таягаа газар хаяж могой болгов. Гэвч юу болж байгааг хар даа! Аароны могой мэргэдийн могойнуудыг залгичихлаа. Тэглээ ч фараон израильчуудыг явуулсангүй.

Тиймд Ехова фараонд сургамж өгөх хэрэгтэй болжээ. Ямар сургамж өгснийг чи мэдэх үү? Египетэд 10 гамшиг буюу их зовлон учруулжээ.

Фараон гамшиг үзэх бүрдээ Мосе уруу хүн явуулж: «Гамшиг учруулахаа боль. Израильчуудыг явуулъя» гэж хэлүүлж байлаа. Гэвч гамшгийг зогсоох болгонд бодлоо өөрчилж байв. Тэрбээр хүмүүсийг урьдын адил явуулсангүй. Гэвч сүүлчийн, 10 дахь гамшгийн дараа израильчуудыг явуулжээ.

Ямар 10 гамшиг байсныг чи мэдэх үү? Дараагийн хуудаснаас энэ тухай мэдэх болно.