Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 33

Улаан тэнгисийг гаталсан нь

Улаан тэнгисийг гаталсан нь

ЮУ БОЛЖ байгааг хар даа! Мосе таягаа Улаан тэнгис уруу сунгажээ. Тэнгисийн эрэг дээр түүнтэй хамт аюулгүй байгаа хүмүүс бол израильчууд. Харин фараон болон түүний цэргүүд тэнгист живж байгаа харагдана. Яагаад ингэх болсныг мэдье.

Бурхныг арав дахь гамшиг буулгасны дараа фараон израильчуудыг Египетээс явуулсныг бид үзсэн билээ. 600 000 орчим израиль эрчүүдээс гадна олон хүүхэд, эмэгтэйчүүд явсан юм. Мөн Еховад итгэдэг болсон өөр олон хүн израильчуудтай хамт Египетээс гарчээ. Тэд бүгдээрээ хонь, ямаа, үхрээ аваад явав.

Израильчууд явахаасаа өмнө египетчүүдээс хувцас хунар, алт мөнгөн эдлэл гуйжээ. Сүүлчийн гамшгаас болж египетчүүд үнхэлцгээ хагартал айсан байлаа. Тийм учраас тэд израильчуудын гуйсан болгоныг өгсөн юм.

Хэдэн өдрийн дараа израильчууд Улаан тэнгист хүрч ирээд, тэндээ амарцгаав. Энэ хооронд фараон болон түүний албатууд израильчуудыг явуулсандаа их харамсаж: «Бид боолуудаа явуулчихжээ!» гэцгээв.

Тийм учраас фараон шийдвэрээ дахиад л өөрчиллөө. Байлдааны тэрэг болон их цэргээ дор нь цуглуулав. Тэгээд байлдааны 600 тусгай тэрэг болон бусад тэргээ хөлөглөн, израильчуудын араас нэхэн хөөв.

Фараон цэргүүдтэйгээ хамт араас нь ирж явааг израильчууд хараад айхын ихээр айв. Зугтах газар байсангүй. Нэг талд нь Улаан тэнгис хөндөлсөж, нөгөө талаас нь египетчүүд ирж байлаа. Гэвч Ехова өөрийнхөө ард түмэн болон египетчүүдийн хооронд үүл хуруулав. Египетчүүд израильчуудыг олж харахгүй байсан учраас тэдэн уруу довтолж чадсангүй.

Таягаа Улаан тэнгис дээгүүр сунгахыг Ехова Мосед тушаав. Мосег таягаа сунгасанд Ехова зүүн зүгээс их хүчтэй салхи салхилуулжээ. Тэнгисийн ус хуваагдаж, хоёр хана болон тогтлоо.

Тэгэхэд израильчууд тэнгисийн хуурай ёроолоор цувран явав. Олон сая хүн, хонь малаа туугаад тэнгисийн нөгөө эрэгт эсэн мэнд хүрэхэд нилээд хэдэн цаг өнгөрчээ. Эцэст нь египетчүүд израильчуудыг дахин олж харав. Боолууд нь зугтаж байлаа. Тэд араас нь тэнгис уруу давхин оров.

Тэгтэл Бурхан тэдний тэрэгний дугуйг салган унагажээ. Египетчүүд ихэд айн сандарч: «Ехова израильчуудын төлөө бидэнтэй тулалдаж байна. Эндээс явцгаая!» гэж хашгиралджээ. Гэвч дэндүү хожимдсон байлаа.

Энэ зураг дээр Мосе Еховагийн тушааснаар Улаан тэнгис уруу таягаа сунгаж байгааг харуулжээ. Мосег таягаа сунгамагц усан хана нурж, египетчүүд болон тэдний байлдааны тэрэгнүүдийг нөмрөн авав. Израильчуудын араас тэнгис уруу орсон египет цэргүүдээс нэг нь ч амьд үлдсэнгүй!

Бурхны ард түмэн аврагдсандаа ямар их баярласан гээч! Эрчүүд Еховад талархлаа илэрхийлэн: «Гайхамшигт ялалтыг Ехова байгуулав. Тэрбээр агт морьд болон морьтнуудыг тэнгист хаясан юм» гэж дуулжээ. Мосегийн эгч Мириамыг хэнгэрэг авахад түүнийг даган бүх эмэгтэйчүүд хэнгэрэг авлаа. Тэд хөөрөн бүжиглэхдээ эрэгтэйчүүдийн дуулсан дууг давтаж: «Гайхамшигт ялалтыг Ехова байгуулав. Тэрбээр агт морьд болон морьтнуудыг тэнгист хаясан юм» хэмээн дуулав.