Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 37

Мөргөлийн асар

Мөргөлийн асар

ЭНЭ юу вэ? Энэ бол Еховад мөргөл үйлдэхэд зориулсан асар юм. Израильчууд Египетээс гарснаасаа хойш нэг жилийн дараа энэ асрыг барьж дуусгажээ. Асар барих ажлыг анх хэн санаачилсныг чи мэдэх үү?

Ехова санаачилсан юм. Мосег Синаи ууланд байхад нь яаж асар барихыг Ехова хэлж өгчээ. Барьж буулгахад амархан байхаар хий гэж тушаажээ. Тэгж хийвэл асрыг өөр газар аваачиж, дахин барьж болох байлаа. Тийнхүү израильчууд цөлд нүүдэллэн амьдрахдаа тэр асрыг үргэлж авч явдаг байсан юм.

Хэрэв чи асрын цаад жигүүрийн жижиг тасалгаан доторхыг харвал тэнд хайрцаг буюу авдар байгаа. Энэ бол «гэрээний авдар» юм. Авдрын хоёр захад алтаар хийсэн хоёр тэнгэр элч буюу «херубыг» нэг нэгээр нь тавьжээ. Анхны хоёр хавтанг Мосе хагалсан учраас Бурхан «Арван тушаалаа» дахин хоёр чулуун хавтан дээр бичээд гэрээний авдарт хадгалуулжээ. Мөн дотор нь савтай манна тавьж хадгалдаг байв. Манна гэж юу байдгийг чи санаж байгаа биз дээ?

Мосегийн ах Аароныг Ехова тэргүүн тахилчаар сонгожээ. Аарон Израилийн ард түмнийг Еховад мөргөл үйлдэхэд нь удирддаг аж. Хөвгүүд нь ч бас тахилч юм.

Одоо асрын том тасалгааг хараарай. Энэ нь жижиг тасалгаанаас хоёр дахин том ажээ. Утаа гарч байгаа хайрцаг буюу жижиг авдрыг харж байна уу? Энэ бол тахилын ширээ. Тахилчид энэ ширээн дээр «утлага» гэж нэрлэдэг анхилуун үнэртэнг уугиулдаг. Түүнээс гадна, энд долоон дэнлүүтэй дэнлүүний суурь байна. Энэ тасалгаанд байгаа гурав дахь зүйл бол ширээ юм. Дээр нь 12 талх тавьжээ.

Асрын хашаан дотор «угаалгын сав» буюу дүүрэн устай том сав байдаг. Тахилчид тэр саванд гар хөлөө угаадаг ажээ. Бас энд тахилын том ширээ бий. Алсан амьтдаа энэ ширээн дээр шатааж, Еховад тахил болгон өргөдөг. Энэ мөргөлийн асар хуарангийн гол дунд байдаг бөгөөд израильчууд түүнийг тойроод майханд суудаг байжээ.