Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 39

Аароны таяг цэцэглэсэн нь

Аароны таяг цэцэглэсэн нь

ХАРААЧ! Таягнаас цэцэг, жимс ургачихаж. Энэ бол Аароны таяг. Энэ цэцэг, буйлсны жимс ганцхан шөнийн дотор Аароны таягнаас ургаад, боловсорчихсон байна! Яагаад ингэснийг мэдье.

Израильчууд цөлд тэнүүчилсээр байлаа. Зарим хүн Мосег удирдагч, Аароныг тэргүүн тахилч байх ёсгүй гэж бодсон байна. Кора, Датан, Абирам болон ард олныг удирддаг 250 хүн тэгж бодож байжээ. Тэд бүгдээрээ Мосе дээр ирээд: «Та хоёр юунд өөрсдийгөө биднээс дээгүүр тавина вэ?» гэв.

Мосе, Кора болон түүний талынханд: «Та нар маргааш өглөө бойпор авчирж, утлага уугиул. Дараа нь Еховагийн асарт хүрч ир. Тэгээд Ехова хэнийг сонгохыг харъя» гэж хэлэв.

Маргааш нь Кора болон түүний талд орсон 250 хүн мөргөлийн асарт хүрч иржээ. Тэдэнтэй санаа нэгтэй өөр олон хүн хамт ирсэн байлаа. Ехова хилэгнэн уурлажээ. «Энэ муу хүмүүсийн майхнаас холдоцгоо. Тэдний юунд ч бүү хүр» хэмээн Мосе тушаав. Ард олон түүний үгэнд орж, Кора Датан Абирам нарын майхнаас холдлоо.

Дараа нь Мосе: «Ехова хэнийг сонгосныг та нар үүгээр мэдэх болно. Газар ангайж, энэ муу хүмүүсийг залгина» гэж хэлэв.

Мосег үгээ дөнгөж хэлж дуусмагц газар ангайв. Корагийн майхан, эд хогшил, мөн Датан, Абирам болон тэдэнтэй хамт байсан хүмүүс доош унахад газар тэдний дээрээс хаагджээ. Газар доогуур орсон хүмүүсийн хашгирах дууг сонсоод олон түмэн: «Зугтъя! Газар биднийг ч бас залгиж магад!» хэмээн бархиралдав.

Кора болон түүний талын 250 хүн асрын ойролцоо байсаар байв. Тэгтэл Ехова гал илгээхэд тэд бүгдээрээ шатжээ. Дараа нь Ехова Аароны хүү Елеазарт үхсэн хүмүүсийн бойпруудыг авч, тахилын ширээг бүрэх нимгэн ялтас болгон давтахыг тушаав. Аарон болон түүний хөвгүүдээс өөр хэн ч Еховагийн тахилчаар үйлчлэх ёсгүй гэдгийг израильчуудад сануулж байхын тулд тахилын ширээг тэгж бүрсэн ажээ.

Гэвч Ехова, Аарон болон түүний хөвгүүдийг тахилчаар сонгосон гэдгээ бүр тодорхой болгохыг хүсжээ. Тийм учраас Мосед: «Израилийн овог бүрийн удирдагч нь таягаа авчраг. Левийн овгийн өмнөөс Аарон таягаа авчраг. Тэгээд таягнуудаа мөргөлийн асар дотор, гэрээний авдрын өмнө тавигтун. Би хэнийг тахилчаар сонгоно, тэр хүний таяг цэцэглэх болно» гэж айлджээ.

Маргааш өглөө нь Мосе юу болсныг үзэхээр ирэхэд Аароны таяг цэцэглэж, буйлсны жимс ургаад, боловсорч гүйцсэн байлаа! Ехова Аароны таягнаас цэцэг ургуулсны учрыг чи одоо ойлгосон биз дээ?