Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 43

Иошуа удирдагч болсон нь

Иошуа удирдагч болсон нь

МОСЕ израильчуудтай хамт Канаан нутагт орохыг хүсэж байв. Тийм учраас: «Иордан голыг гаталж очоод, тэр сайхан нутгийг үзэхийг минь зөвшөөрөөч, Ехова» гэж гуйжээ. Хариуд нь Бурхан: «Одоо боллоо! Дахин ийм юм бүү дурс!» гэж хэлэв. Яагаад ингэж хэлэх болсны учрыг чи мэдэх үү?

Мосе таягаараа хад цохисноос ийм явдал болжээ. Мосе Аарон хоёр тэр үед Еховаг алдаршуулаагүй юм. Тэд, хаднаас ус гаргагч нь Ехова гэдгийг ард олонд хэлээгүй билээ. Тийм учраас Ехова тэднийг Канаан уруу оруулахгүй гэжээ.

Аароныг нас барснаас хойш хэдэн сарын дараа Ехова Мосед: «Иошуаг авчраад, тахилч Елеазар болон ард олны өмнө гаргаж зогсоо. Тэгээд түүнийг бүх хүний нүдэн дээр шинэ удирдагч хэмээн зарлагтун» гэж хэлэв. Мосе Еховагийн тушаалыг ёсчлон биелүүлж байгааг энэ зураг дээр харуулжээ.

Дараа нь Ехова Иошуад хандан: «Тууштай бай, бүү ай. Би чамтай хамт байна. Чи израильчуудыг миний амласан Канаан нутагт удирдан оруулах болно» гэж хэлэв.

Үүний дараа Ехова Мосег Моабын нутагт байдаг Небо уулын оройд гар гэлээ. Тэндээс Мосе Иордан голын тэртээх үзэсгэлэнт сайхан Канаан нутгийг харжээ. Тэгэхэд нь Ехова: «Абрахам Исаак Иаков нарын үр удамд амласан газар минь энэ байна. Чамд тэр нутгийг харууллаа. Харин тийшээ орохыг чинь зөвшөөрөхгүй» гэж хэлэв.

Мосе Небо уулын оройд нас эцэслэв. Тэр 120 настай байжээ. Бие нь эрүүл чийрэг, нүдний хараа нь сайн хэвээрээ байлаа. Мосег нас барахад ард олон гашуудан уйлжээ. Гэхдээ Иошуаг шинэ удирдагч болсонд баяртай байлаа.

Тооллого 27:12–23; Дэд хууль 3:23–29; 31:1–8, 14–23; 32:45–52; 34:1–12.