Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 47

Израилийн хулгайч

Израилийн хулгайч

ЭНЭ хүн майхандаа юу нууж байгааг хараач! Гоё хувцас, гулууз алт, хэдэн мөнгөн зоос байна. Энэ бүхнийг Иерихо хотоос авчээ. Гэвч Иерихогоос олзолсон эд зүйлийг яах ёстой байсан бэ? Чи санаж байна уу?

Бүгдийг нь устгах ёстой байсан. Харин алт, мөнгийг Еховагийн асрын эрдэнэсийн санд өгөх ёстой байв. Тэгвэл энэ хүмүүс Бурхны тушаалыг биелүүлээгүй ажээ. Тэд Бурхны юмыг хулгайлсан байна. Энэ хүнийг Ахан гэдэг. Харин дэргэд нь байгаа хүмүүс бол түүний гэрийнхэн. Юу болсныг үзье.

Аханыг хулгай хийсний дараа Иошуа хэдэн хүнийг Аи хотынхонтой тулалдуулахаар явууллаа. Тэгтэл тэд тулалдаанд ялагдав. Зарим нь алагдаж, үлдсэн нь эргэн зугтав. Иошуа их гутарч, сөхрөн унаад, Еховагаас: «Таныг харсаар байтал яагаад бидэнд ийм юм учрав аа?» гэж асуужээ.

Ехова түүнд: «Бос! Израиль нүгэл үйлдсэн. Тэд эсвэл устгах, эсвэл миний асарт өгөх ёстой юмыг өөртөө авсан байна. Тэд гоё хувцас хулгайлж нуусан. Хувцас болон хулгай хийсэн хүнийг устгахаас нааш би та нарыг ивээхгүй» гэж хэлэв. Ехова тэр өөдгүй хүнийг Иошуад зааж өгөхөө амлажээ.

Иошуа бүх хүнийг цуглуулахад Ехова өнөөх өөдгүй Аханыг зааж өгөв. Ахан: «Би нүгэл үйлдсэн. Гоё хувцас, гулууз алт, мөнгөн зооснуудыг хараад, хорхой хүрээд авчихсан юм. Тэгээд би майхандаа булж нуусан» гэж хэлжээ.

Хулгайлсан юмыг олоод, авчирж өгөхөд Иошуа Аханд: «Чи юунд бидэнд гай тарив аа? Одоо Ехова чамд зовлон авчирна» гэж хэлэв. Үүний дараа хүмүүс бүгдээрээ Ахан болон түүний гэр бүлийнхнийг чулуугаар цохиж алав. Бусдын юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг энэ явдал харуулж байгаа биз дээ?

Үүний дараа Израиль Аитай дахин байлдав. Энэ удаа Ехова ард түмэндээ тусалж, тэд дайнд ялжээ.