Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 54

Хамгийн хүчтэй хүн

Хамгийн хүчтэй хүн

ДЭЛХИЙН хамгийн хүчтэй хүн хэн байсныг чи мэдэх үү? Самсон гэдэг шүүгч байжээ. Ехова Самсоныг хүчтэй болгожээ. Түүнийг төрөхөөс ч өмнө Ехова ээжид нь: «Чи удахгүй хүү төрүүлнэ. Тэр хүү Израилийг филистчүүдээс чөлөөлнө» гэж хэлжээ.

Филистчүүд бол Канаанд суудаг муу хүмүүс юм. Тэд олон цэрэгтэй бөгөөд израильчуудыг айхтар дарладаг байв. Нэгэн удаа Самсоныг филистчүүдийн суудаг тосгоны замаар явж байтал аварга том арслан өөдөөс нь архиран гарч иржээ. Гэтэл Самсон тэр арсланг зүгээр л нүцгэн гараараа алчихжээ. Мөн олон зуун филист хүнийг алсан юм.

Хожим Самсон Делила гэдэг бүсгүйд дурлажээ. Самсоны тийм их бяр чадал юундаа байдаг нууцыг хэлбэл Филистийн удирдагч бүр 1 100 мөнгөн зоос өгнө гэж Делилад амлав. Делила тэр мөнгийг бүгдийг нь авахыг хүсэж байлаа. Тэр эмэгтэй Самсоны ч, Бурхны ард түмний ч жинхэнэ анд нөхөр биш байв. Тийм учраас их бяр чадлынх нь нууцыг мэдэх гэж ахин дахин асууж шалгаадаг байжээ.

Тэгж тэгж эцэст нь бяр чадлынх нь нууцыг хэлүүлж чаджээ. Самсон: «Миний үсийг хэзээ ч тайрч байгаагүй. Төрсөн цагаас минь эхлэн Бурхан намайг „назир“ буюу тусгай үйлчлэгчээ болгон сонгож авсан юм. Хэрэв үсийг минь хусвал би хүч чадалгүй болно» гэж хэлжээ.

Делила үүнийг мэдээд Самсоныг өвдгөө дэрлүүлэн унтуулав. Дараа нь хүн дуудаж, Самсоны үсийг хусуулав. Самсон сэрээд, хүч чадалгүй болсноо мэдлээ. Филистчүүд ирж, түүнийг барив. Тэгээд хоёр нүдийг нь сохолж, боолоо болгожээ.

Нэгэн өдөр филистчүүд Дагон бурхандаа зориулан их найр наадам хийж, тэр үеэр Самсоныг дооглон тохуурхах гэж шоронгоос гаргаж ирэв. Энэ хугацаанд Самсоны үс дахин ургасан байлаа. Гараас нь хөтлөн явсан хүүгээс Самсон: «Байшингийн баганыг гараар минь түшүүлээд өгөөч» гэж гуйв. Тэгээд Еховагаас хүч гуйн залбираад, баганыг түшлээ. Дараа нь: «Филистчүүдтэй хамт үхье» гэж хашгираад, баганыг түлхэв. Баярт 3 000 филист хүн оролцож байлаа. Самсон баганыг түлхэхэд байшин нурж, тэр муу хүмүүс бүгд үхжээ.

Шүүгчид 13—16-р бүлэг.