Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 55

Жаал хүү Бурханд үйлчилсэн нь

Жаал хүү Бурханд үйлчилсэн нь

ЯМАР хөөрхөн хүү вэ? Түүнийг Самуел гэдэг. Самуелын толгойг илж байгаа хүн бол Израилийн тэргүүн тахилч Ели ажээ. Тэдний дэргэд, Самуелын аав Елкана, ээж Ханна нь байна. Тэд хүүгээ Ели дээр авчирсан юм.

Самуел дөрөв, таван настай ч гэсэн Ели болон бусад тахилчтай хамт Еховагийн асарт амьдрах ажээ. Харин Елкана Ханна хоёр яагаад ийм жаахан хүүхдийг Еховад үйлчлүүлэхээр асарт авчирж өгч байгаа юм бол? Үүний учрыг мэдье.

Хэдхэн жилийн өмнө Ханна хүүхэдгүйдээ их гутарч байсан юм. Тийм учраас хүүхэдтэй болохыг их хүсэж байв. Тэгээд нэг өдөр Еховагийн асарт очоод: «Өө, Ехова, намайг бүү мартаач! Хэрэв та надад хүү өгвөл би хүүгээ танд өгөхөө амлая. Тэр насан туршдаа танд үйлчлэх болно» хэмээн залбирчээ.

Ехова залбирлыг нь сонсон хариулж, Ханна хэдэн сарын дараа хүү Самуелаа төрүүлэв. Ханна бяцхан хүүдээ учиргүй хайртай байсан бөгөөд бүр бага байхаас нь түүнд Еховагийн тухай зааж эхэлжээ. Мөн нөхөртөө: «Хүүгээ жаахан томроод хөхнөөс гарахлаар нь Еховад үйлчлүүлэхээр асарт аваачиж өгье» гэж хэлжээ.

Зураг дээр Елкана Ханна хоёр Самуелыг хүргэж ирээд байгааг харуулжээ. Эцэг эх нь хүүгээ зөв сайн хүмүүжүүлсэн учраас Самуел Еховад үйлчлэхээр Еховагийн асарт ирэхдээ их баяртай байлаа. Жил бүр Ханна Елкана хоёр мөргөл үйлдэхээр асарт очихдоо хүүтэйгээ уулздаг байв. Ханна ирэх болгондоо Самуелд оёсон ханцуйгүй хүрмээ авчирж өгдөг байлаа.

Он жил улиран өнгөрсөөр, Самуел урьдын адил Еховагийн асарт үйлчилсээр байлаа. Бурхан болон хүмүүс түүнд хайртай байв. Харин тэргүүн тахилч Елийн хоёр хүү Хофни Финехас нар өөдгүй хүмүүс байв. Тэд олон муу юм хийж, бусдыг уруу татан, Еховад дуулгаваргүй болгож байлаа. Ели тэднийг тахилч байхыг нь болиулах ёстой байсан боловч тэгсэнгүй.

Асарт ямар ч муу үйл хэрэг болж байсан залуу Самуел Еховад үйлчлэхээ болиогүй юм. Тэр үед өөрийг нь жинхэнээсээ хайрладаг хүн цөөхөн байсан учраас Ехова удаан хугацаагаар нэг ч хүнтэй яриагүй билээ. Самуелыг овоо том болсон хойно ийм явдал болжээ.

Түүнийг асарт унтаж байтал нэг дуу гарч, дуудан сэрээлээ. Самуел: «Би энд байна» гэж хариулав. Тэгснээ босоод Ели уруу гүйн очиж: «Та намайг дуудсан тул би ирлээ» гэж хэлэв.

Гэтэл Ели: «Би чамайг дуудаагүй, буцаж очоод орондоо ор доо» гэсэнд Самуел буцаж очоод унтахаар хэвтэв.

Тэгтэл хоёр дахь удаагаа: «Самуел!» гэж дуудав. Самуел босож, Ели уруу гүйж очоод: «Та намайг дуудсан учир би ирлээ» гэлээ. Хариуд нь Ели: «Дуудаагүй, хүү минь. Явж унт, унт» гэв. Самуел унтахаар дахин хэвтэв.

«Самуел!» гэж гурав дахь удаагаа дуудлаа. Самуел Ели уруу гүйж очоод: «Энэ удаа та намайг гарцаагүй дуудсан болохоор би ирлээ» гэв. Тэгэхэд л Ели, Самуелыг Ехова дуудаж байна гэдгийг ойлгожээ. Тэгээд Самуелд: «Явж хэвт. Дахиад дуудвал, „Ехова минь, айлдаж хайрла. Үйлчлэгч тань сонсож байна“ гэж хэлээрэй» гэв.

Еховаг дахин дуудахад Самуел Елийн хэлснээр хариулжээ. Тэгэхэд нь Ехова Ели болон түүний хөвгүүдийг шийтгэнэ гэдгээ хэлсэн аж. Хожим Хофни Финехас хоёр филистчүүдтэй тулалдаж яваад алагдсаныг Ели сонсоод унаж, хүзүүгээ хугалан үхэв. Ингэж Еховагийн үг биелжээ.

Самуел өсөж эрийн цээнд хүрээд, Израилийн хамгийн сүүлчийн шүүгч болов. Түүнийг өндөр настай болсон хойно ард олон түүнээс: «Биднийг захирах хаантай болгож өгөөч» гэж гуйв. Үнэндээ, хаан нь Ехова болохоор Самуел тэдний гуйлтыг биелүүлэхийг хүсэхгүй байв. Гэвч Ехова ард олны хүсэлтийг биелүүлэхийг түүнд тушаажээ.

1 Самуел 1:1–28; 2:11–36; 3:1–18; 4:16–18; 8:4–9.