Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 58

Давид Голиат хоёр

Давид Голиат хоёр

ФИЛИСТЧҮҮД ахиад л Израильтай байлдахаар ирэв. Давидын гурван ах тэр үед Саулын цэрэг байжээ. Нэг удаа Иесси Давидад: «Ах нартаа будаа, талх аваачиж өг. Тэгээд тэдний яаж явааг үзээд ир» гэлээ.

Давид цэргийн хуаранд ирээд, ах нараа эрж олохоор галын шугам уруу гүйн очив. Филистийн аварга биет Голиат израильчуудыг доромжлохоор гарч ирдэг байжээ. Өглөө, орой бүр ингэсээр 40 өдөр болсон байна. «Надтай тулалдах нэг хүнээ сонго. Хэрэв тэр намайг алж, ялбал бид танай боол болъё. Харин би тэр хүнийг алж, ялбал та нар манай боол бол. Нэг хүн явуул. Халз тулалдъя» гэж Голиат хашгирч байлаа.

Давид цэргүүдээс: «Энэ филист хүнийг алж, Израилийг гутамшигт байдлаас гаргасан хүн юу авах вэ?» гэж асуув.

— Саул тэр хүнд их эд баялаг өгнө. Бас охиноо эхнэр болгон өгнө гэж нэг цэрэг хариуллаа.

Гэвч Голиат аварга том болохоор израильчууд бүгдээрээ айж байлаа. Голиат 3 метр орчим өндөр бөгөөд бамбайгаа бариулдаг өөр нэг цэрэгтэй байв.

Хэдэн цэрэг Саул хаан дээр очоод, Давидыг Голиаттай тулалдах хүсэлтэй байгааг хэлэв. Гэтэл Саул Давидад: «Чи энэ филист хүнтэй тулалдаж чадахгүй. Чи дэндүү залуу, харин тэр насаараа цэрэг явсан хүн» гэв. Давид хариуд нь: «Аавын минь хониноос авч явсан арслан, баавгайг би алж байсан. Энэ филист хүн ч мөн тэдэн шиг болно. Ехова надад тусална» гэлээ. Тэгэхэд нь Саул: «Явагтун. Ехова чамтай хамт байх болтугай» хэмээн өгүүлэв.

Давид горхи уруу очиж, таван мөлгөр чулуу аваад, уутандаа хийв. Тэгээд дүүгүүрээ авч, аварга биетний өөдөөс явлаа. Голиат түүнийг хараад, нүдэндээ итгэсэнгүй. Давидыг алахад амархан гэж бодож л дээ.

«Наашаа хүрээд ир, чамайг амьтан, шувууны хоол болгоод өгье» гэж Голиат хэлэв. Харин Давид: «Чи илд, бамбай, жад бариад над уруу ирж байгаа бол би Еховагийн нэрээр чам уруу очиж байна. Өнөөдөр Ехова чамайг миний гарт өгөхөд би чамайг цохиж ална» гэлээ.

Тэгж хэлээд Голиатын зүг гүйв. Уутнаасаа нэг чулуу авч, дүүгүүртээ хийгээд байдаг чадлаараа дүүгүүрдэв. Чулуу Голиатын духан дундуур оносонд үхэтхийн уналаа! Филистчүүд хамгийн мундаг цэргийнхээ унахыг хараад зугтацгаав. Израильчууд араас нь хөөж, тулалдаанд ялжээ.

1 Самуел 17:1–54.