Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 59

Давид зугтах ёстой байсны учир

Давид зугтах ёстой байсны учир

ГОЛИАТЫГ алсных нь дараа Израилийн цэргийн жанжин Абнер Давидыг Саулд авчрав. Давид Саулын сэтгэлд ихэд нийцсэн тул цэргийн жанжин болгож, ордондоо суулгажээ.

Хожим нь цэргүүд филистчүүдтэй байлдаад буцаж ирэхэд, эмэгтэйчүүд: «Саул мянгыг алж, Давид түмийг алав» гэж дуулжээ. Ингэж Давидыг өөрөөс нь илүү магтсанд Саул атаархав. Харин Саулын хүү Ионатан атаархуу хүн биш байлаа. Тэр Давидад их хайртай, Давид ч Ионатанд хайртай байв. Тиймээс тэд үүрд анд нөхөд байхаа андгайлжээ.

Давид босоо ятга сайн тоглодог, тоглосон аялгуу нь Саулд таалагддаг байв. Гэтэл нэг өдөр Саул атаархуу зангаасаа болоод аймшигтай хэрэг хийв. Давидыг босоо ятга тоглож байтал Саул: «Давидыг хананд хадъя!» гэж хэлээд жадаа авч шидэв. Харин Давид бултаж, жаданд оногдолгүй өнгөрчээ. Хожим нь бас жадаа шидсэн боловч дахиад л оносонгүй. Тэгэхэд Давид тун болгоомжтой байх ёстойгоо ойлгожээ.

Саул юу гэж амласныг чи санаж байна уу? Голиатыг алсан хүнд охиноо эхнэр болгон өгнө гэж хэлсэн шүү дээ. Гэтэл Саул Давидад, 100 филист дайсныг алж байж, Мехал охиныг минь аваарай гэж хэлжээ. Харин дотроо, филистчүүд Давидыг ална байх гэж бодож байлаа. Гэтэл тэд алж чадаагүй болохоор Саул Давидад охиноо эхнэр болгон өгчээ.

Нэг өдөр Саул Ионатан болон бүх зарцдаа Давидыг алахыг хүсдэгээ хэлж гэнэ. Гэвч Ионатан аавдаа: «Давидад муу юм хийж болохгүй. Тэр танд буруу юм огт хийгээгүй шүү дээ. Харин ч дандаа тусалдаг байсан. Түүнийг амь өрсөн тулалдаж, Голиатыг алахыг хараад та баярласан биз дээ» гэв.

Саул, хүүгийнхээ хэлэхийг сонсоод, Давидад муу юм хийхгүй гэж амлажээ. Давидыг буцааж авчирсанд урьдын адил Саулын ордонд амьдрах болов. Гэвч, нэг өдөр Давидыг хөгжим тоглож байтал Саул дахиад л жадаа шидэв. Давид бултаж, жад хананд зоогдов. Энэ бол гурав дахь удаагийнх юм! Давид зугтах ёстойгоо ойлголоо!

Тэр шөнөдөө Давид гэртээ харив. Саул түүнийг алуулахаар хэдэн хүнээ явууллаа. Мехал эцгийнхээ төлөвлөгөөг мэджээ. Тийм болохоор нөхөртөө: «Чи өнөө шөнө зугтахгүй бол маргааш үхнэ» гэж хэлээд, тэр шөнөдөө Давидыг цонхоор оргоход нь туслав. Давид Саулд баригдахгүйн тулд нутаг сэлгэсээр долоон жил орчим нуугджээ.

1 Самуел 18:1–30; 19:1–18.