Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 60

Абигаил Давид хоёр

Абигаил Давид хоёр

ДАВИДЫН өөдөөс ирж яваа энэ үзэсгэлэнт эмэгтэйг чи мэдэх үү? Түүнийг Абигаил гэдэг. Тэр маш ухаалаг бөгөөд Давидыг муу юм хийхээс хамгаалдаг. Харин энэ тухай үзэхээсээ өмнө, Давидад юу тохиолдсоныг мэдэцгээе.

Давид Саулаас зугтаж, агуйд бүгж байв. Ах нар болон хамаатан садан нь тэнд түүнтэй нийлэхээр ирэв. Нийтдээ 400-аад хүн ирэхэд Давид тэдний удирдагч болов. Дараа нь Давид Моабын хаанд очоод: «Би өөртөө юу тохиолдохыг мэдтэлээ, эцэг эх хоёроо тантай байлгамаар байна. Зөвшөөрнө үү» гэж хэлжээ. Тэгээд хүмүүстэйгээ ууланд нуугдлаа.

Тэр үедээ Абигаилтай уулзаж байгаа нь энэ аж. Абигаилын нөхөр Набал эдлэн газартай баян хүн байв. 3 000 хонь, 1 000 ямаатай байж. Набал их шунахай хүн байлаа. Түүний эхнэр Абигаил их үзэсгэлэнтэй, тэгээд бас яавал зөв юм хийхээ мэддэг эмэгтэй аж. Тэр ч байтугай нэг удаа гэрийнхнийгээ аварч чадсан юм. Яаж аварсныг мэдье.

Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс Набалд сайхан сэтгэл гаргаж байжээ. Тэд Набалын хонийг хамгаалж тусалдаг байсан юмсанж. Нэг удаа Давид Набалаас тусламж хүсэж хэдэн хүнээ явуулав. Набалыг туслахуудтайгаа хонио хяргаж байхад Давидын хүмүүс очив. Тэр өдөр их найрын өдөр тул Набал хоол хүнсээр элбэг дэлбэг байлаа. Тийм учраас Давидын хүмүүс: «Бид танд сайхан сэтгэл гаргаж, танай хониноос нэгийг ч хулгайлж байгаагүй, харин ч харж хамгаалж байсан. Харин одоо бидэнд жаахан хоол хүнс өгөөч» гэж хэлсэн юм.

«Би та нар шиг хүмүүст хоол өгмөөргүй байна» гэж Набал их хүйтнээр хэлээд, Давидыг харааж зүхэв. Явуулсан хүмүүс нь буцаж ирээд энэ тухай хэлэхэд Давид ихэд уурлав. «Илдээ авцгаа!» гэж хүмүүстээ хэллээ. Тэгээд Набал болон түүний хүмүүсийг алахаар замд гарцгаав.

Набалыг бүдүүлэг үг хэлж байхыг сонссон нэг хоньчин нь болсон явдлыг Абигаилд ярив. Абигаил тэр даруй хоол хүнс базаалаа. Тэгээд хэдэн илжгэнд ачаад, замд гарав. Давидыг харангуутаа илжигнээсээ буун, мэхийн ёслоод: «Миний нөхөр Набалыг бүү анхаараач, эрхэм ээ. Тэр их мунхаг хүн, үргэлж тэнэг юм хийдэг. Энэ бэлгийг авч, болсон явдалд биднийг уучилна уу» гэж хэлэв.

«Чи их ухаалаг эмэгтэй байна. Өөдгүй муухай зангийнх нь төлөө Набалыг алахыг минь чи болиуллаа. Амар тайван харь даа» гэж Давид хариу өчив. Хожим Набалыг нас барсны дараа Давид Абигаилыг эхнэрээ болгон авчээ.

1 Самуел 22:1–4; 25:1–43.