Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 62

Давидын гэрт гай зовлон тохиолдсон нь

Давидын гэрт гай зовлон тохиолдсон нь

ДАВИД Иерусалимд суурьшин хаанчилж эхэлснээсээ хойш Еховагийн тусламжтайгаар олон дайснаа даржээ. Ехова Канаан нутгийг израильчуудад өгөхөөр амласан билээ. Тэгвэл одоо, амласан нутаг бүхэлдээ Бурхны ачаар тэднийх болжээ.

Давид бол Еховад хайртай, сайн хаан юм. Тийм учраас Иерусалимыг эзэлснийхээ дараа хамгийн түрүүнд Еховагийн гэрээний авдрыг авчирсан. Мөн авдарт зориулж сүм барихыг хүсжээ.

Харин хэдэн жилийн дараа их тусгүй юм хийчихжээ. Бусдын юмыг зөвшөөрөлгүй авах нь буруу гэдгийг Давид мэддэг байв. Нэгэн үдэш ордныхоо дээвэр дээрээс үзэсгэлэн төгс эмэгтэйг харжээ. Тэр эмэгтэйн нэрийг Батшеба гэдэг. Түүний нөхөр Уриа Давидын цэрэг юмсанжээ.

Давид Батшебаг их таалсан тул тэр даруй ордондоо авчруулав. Батшебагийн нөхөр тэр үед тулалдаанд яваад эзгүй байлаа. Ингээд Давид Батшебатай унтчихжээ. Тэгтэл сүүлд нь Батшеба хүүхэдтэй болсноо мэдэв. Давид тун их сандарч, Уриаг алуулахын тулд хамгийн ширүүн тулалдаан болж байгаа газар аваачихыг тушаасан захиаг цэргийн жанжин Иоаб уруу явууллаа. Уриаг үхэхэд Давид Батшебатай гэрлэжээ.

Ехова Давидад ихэд уурлаж, үйлдсэн нүглийг нь хэлүүлэхээр Натан гэдэг үйлчлэгчээ явуулав. Энэ зураг дээр Натан Давидтай ярьж байна. Давид хийсэн хэрэгтээ гэмшсэн учир Ехова түүнийг үхүүлсэнгүй. Гэхдээ: «Чи ийм муу юм хийсэн учир чиний гэрт их гай зовлон тохиолдоно» гэж хэлжээ. Үнэхээр, Давидад маш их зовлон учирчээ.

Эхлээд Батшебагийн хүү нас барсан. Дараа нь Давидын ууган хүү Амнон дүү охин Тамартайгаа хоёулхнаа үлдээд, түүнийг хүчиндсэн. Үүнийг мэдсэн Давидын хүү Абсалом ихэд уурлан, Амноныг алсан. Хожим нь Абсалом олон хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, өөрийгөө хаанаар өргөмжилжээ. Эцсийн дүндээ Давид Абсаломтой тулалдан ялж, Абсалом алагдсан юм. Тийм ээ, Давидад их гай зовлон тохиолдсон.

Энэ хооронд Батшеба Соломон гэдэг хүү төрүүлжээ. Давидыг хөгширч, өвчтэй болох үед Адониа гэдэг хүү нь өөрийгөө хаанаар өргөмжлөхийг оролдов. Тэгэхэд нь Давид Соломоныг хаан болохыг баталж, толгойд нь тос асгахыг Задок гэдэг тахилчид тушаажээ. Түүнээс төдий л удалгүй Давид 70 насандаа нас баржээ. Тэр 40 жил хаанчилсан бөгөөд түүний дараа Соломон Израилийн хаан болов.

2 Самуел 11:1–27; 12:1–18; Хаадын дээд 1:1–48.