Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 65

Хаант улс хуваагдсан нь

Хаант улс хуваагдсан нь

ЭНЭ хүн дээлээ яагаад хэдэн хэсэг болгоод байгаа юм бол? Ехова ингэж тушаажээ. Энэ хүн бол Бурхны зөнч Ахиа юм. Ямар хүнийг «зөнч» гэдгийг чи мэдэх үү? Үйл явдлыг болохоос нь өмнө Еховагаас сонсдог хүнийг зөнч гэдэг.

Энд Ахиа Иеробоамтай ярьж байна. Иеробоам бол барилгын зарим ажлаа хийлгэхээр Соломоны томилсон хүн юм. Ахиа Иеробоамтай замд тааралдаад, нэг хачин юм хийв. Өмсөж явсан шинэ дээлээ тайлаад, 12 хэсэг болгон цууллаа. Тэгээд: «10 хэсгийг өөртөө ав» гэж Иеробоамд хэлэв. Ахиа яагаад тэр 10 хэсгийг Иеробоамд өгснийг чи мэдэх үү?

Ехова Соломоноос хаанчлалыг буцааж аваад, 10 овгийг Иеробоамд өгөх гэж байгааг Ахиа тайлбарлав. Энэ нь Соломоны хүү Рехобоамын мэдэлд хоёрхон овог үлдэнэ гэсэн үг юм.

Иеробоамд хэлсэн Ахиагийн үгийг Соломон мэдээд тун ч их уурлажээ. Тэгээд Иеробоамыг алахыг оролдов. Иеробоам Египет уруу зугтлаа. Цаг хугацаа өнгөрч, Соломон нас эцэслэжээ. Тэр 40 жил хаан байсан бол одоо түүний хүү Рехобоам хаан боллоо. Иеробоам Египетэд байхдаа Соломоны нас барсныг сонсоод, Израильд буцаж ирэв.

Рехобоам муу хаан байлаа. Хүмүүстэй эцэг Соломоноосоо ч илүү муухай харьцаж байв. Иеробоам болон нөлөө бүхий өөр хэдэн хүн Рехобоам хаан дээр очоод, ард түмэнтэй сайн харьцаач гэж хүсжээ. Гэтэл Рехобоам тэднийг сонссонгүй. Харин ч өмнөхөөсөө улам муу харьцах болов. Тэгэхлээр нь хүмүүс Иеробоамыг 10 овгийн хаанаар өргөмжлөв. Харин Бениамин ба Иудагийн овог Рехобоамын мэдэлд үлдэв.

Иеробоам албатуудаа Иерусалим уруу явуулж, Еховагийн сүмд мөргөл үйлдүүлэхийг хүссэнгүй. Тийм учраас хоёр алтан тугал хийж, 10 овогт хаант улсын ард түмний шүтээн болгов. Удалгүй тэр улс гэмт хэрэг, хүчирхийллээр дүүрчээ.

Хоёр овогт хаант улсад ч мөн гай зовлон учрав. Рехобоамыг хаан болоод таван жил ч болоогүй байтал Египетийн хаан Иерусалимтай байлдахаар ирлээ. Тэр хаан Еховагийн сүмээс их хэмжээний үнэт зүйл авч явжээ. Тийм болохоор сүм анх баригдсан чигээрээ удаан байсангүй.

Хаадын дээд 11:26–43; 12:1–33; 14:21–31.