Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 66

Хорон санаат Иезебел хатан

Хорон санаат Иезебел хатан

ИЕРОБОАМ хааныг нас барснаас хойш Израилийн 10 овогт хойд хаант улсыг захирч байсан бүх хаан муу байв. Хамгийн муу нь Ахаб байлаа. Яагаад гэдгийг чи мэдэх үү? Түүний эхнэр, хорон санаат хатан Иезебелд хамаг учир нь байв.

Иезебел израиль эмэгтэй биш юм. Сидоны хааны охин ажээ. Тэр Баал гэдэг хуурамч бурхан шүтдэг байсан бөгөөд Ахаб болон өөр олон израиль хүнийг Баал шүтдэг болгожээ. Иезебел Еховаг үзэн ядаж, олон зөнчийг нь алсан. Үлдсэн хэдэн зөнч алуулахгүйн тулд агуйд нуугдах хэрэгтэй байв. Иезебел ямар нэг юм хүсвэл түүнийгээ авахын тулд хүн алахаас ч буцдаггүй байжээ.

Нэгэн өдөр Ахаб хаан их уруу царайтай байв. Тэгэхэд нь Иезебел: «Өнөөдөр чи яагаад уруу царайлаад байна вэ?» гэж асуулаа.

— Наботын хэлсэн үгнээс болоод л... Би усан үзмийн талбайг нь худалдаж авмаар байсан. Гэтэл зарахгүй гэсэн гэж Ахаб хариуллаа.

— Санаа зовох хэрэггүй. Би чамд аваад өгье гэж Иезебел хэлэв.

Тэгээд Наботын суудаг хотын захирагчдад захиа явуулав. Уг захиандаа: «„Набот Бурхныг, бас хааныг хараасан“ гэж үл бүтэх хүмүүсээр гэрчлүүл. Дараа нь Наботыг хотын гадна аваачаад, чулуугаар цохиж ал» гэж бичсэн байлаа.

Иезебел Наботын үхсэнийг дуулмагцаа Ахабт: «Одоо яваад усан үзмийн талбайг нь ав» гэж хэлэв. Иезебел ийм аймшигтай хэрэг хийснийхээ төлөө шийтгүүлэх ёстой, тийм биз дээ?

Хэсэг хугацааны дараа Ехова түүнийг шийтгэхээр Иехү гэдэг хүнийг илгээв. Иехүгийн ирж байгааг Иезебел сонсоод, нүдээ будан, гоёж гоодлоо. Иезебелийг цонхоор харж байгааг анзаарсан Иехү ордонд байгаа хүмүүсийг дуудаад: «Түүнийг доош нь шид!» гэлээ. Хүмүүс үгэнд нь орж, зураг дээрээс чиний харж байгаа шиг юм боллоо. Тэд түүнийг доош нь шидсэнд тэр үхэв. Хорон санаат Иезебел хатан ингээд л өнгөрчээ.

Хаадын дээд 16:29–33; 18:1–4; 21:1–16; Хаадын дэд 9:30–37.