Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 67

Иехошафат Еховад найдсан нь

Иехошафат Еховад найдсан нь

ЧИ ЭНЭ хүмүүсийн хэн болохыг, юу хийж байгааг мэдэх үү? Тэд дайнд явж байгаа бөгөөд урд нь яваа хүмүүс дуу дуулж байна. «Дуулж яваа энэ хүмүүс яагаад жад, сэлэмгүй байна вэ?» гэж чи асууж магадгүй. Мэдэж авцгаая.

Иехошафат бол Израилийн хоёр овогт хаант улсын хаан юм. Тэр, 10 овогт хойд хаант улсын хаан Ахаб, түүний хатан Иезебелтэй нэг цаг үед амьдарч байжээ. Иехошафат сайн хаан байлаа. Түүний эцэг Аса ч бас сайн хаан байсан билээ. Тийм болохоор хоёр овогт өмнөд хаант улсын ард түмэн олон жил жаргалтай, сайхан амьдарч байв.

Гэтэл одоо хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн нэг юм болж байна. Элчүүд Иехошафатад: «Моаб, Аммоны нутаг болон Сеир уулнаас их цэрэг тан уруу довтлохоор ирж байна» гэж мэдэгдэв. Олон израиль хүн Еховагаас тусламж гуйхаар Иерусалимд цуглаад сүмд очлоо. Тэгтэл Иехошафат: «Өө, бидний Бурхан Ехова минь ээ, бид энэ их цэргийн өмнө хүчин мөхөсдөөд яахаа ч мэдэхгүй байна. Таныг тусална гэдэгт найдаж байна» гэж залбирав.

Ехова үүнийг сонсоод, ард олонд: «Энэ дайн бол та нарынх биш, Бурхных. Та нар дайтахгүй. Харин Ехова та нарыг хэрхэн аврахыг л хар» гэж нэг үйлчлэгчээрээ хэлүүлэв.

Маргааш өглөө нь Иехошафат ард олныг уриалж: «Еховад найдагтун!» гэлээ. Дараа нь цэргүүдийнхээ урд дуучдыг явуулахад тэд Еховад магтаалын дуу дуулан алхаж байлаа. Тэднийг тулааны талбарт ойртох үед юу болсныг чи мэдэх үү? Ехова дайсны цэргүүдийг хооронд нь байлдуулжээ. Израильчуудыг очиход дайснууд нь хэдийнээ үхчихсэн байлаа!

Иехошафат Еховад найдсан нь ухаалаг хэрэг байгаагүй гэж үү? Бид ч бас Еховад найдвал ухаалаг хэрэг болно.

Хаадын дээд 22:41–53; Шастирын дэд 20:1–30.