Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 68

Дахин амилсан хоёр хүү

Дахин амилсан хоёр хүү

ЧАМАЙГ үхээд амилбал ээж чинь яах бол? Маш их баярлана даа! Гэхдээ үхсэн хүн дахин амилж болдог юм уу? Тийм явдал урьд өмнө болсон болов уу?

Энэ зураг дээр байгаа эрэгтэй хүнийг хар даа. Бас бяцхан хүү эмэгтэй хоёр байна. Эрэгтэй нь Елиа зөнч. Эмэгтэй нь Зарефат хотын бэлэвсэн эмэгтэй, бяцхан хүүхэд бол тэр эмэгтэйн хүү юм. Нэг өдөр хүү өвджээ. Тэгээд бие нь улам муудсаар эцэстээ нас баржээ. Тэгэхэд нь Елиа: «Хүүг надад өгөөч» гэж эмэгтэйд хэлэв.

Елиа, үхсэн хүүхдийг дээд давхарт аваачиж, орон дээр хэвтүүлээд: «Ехова, хүүг амилуулаач» гэж залбирав. Тэгтэл хүү амьсгалж эхлэв! Елиа, хүүг доод давхарт аваачаад, эмэгтэйд: «Хар даа, хүү чинь амьд байна!» гэлээ. Ээж нь ийм их баяр хөөртэй байгаагийн учир энэ дээ.

Еховагийн өөр нэгэн агуу зөнчийг Елиша гэдэг. Тэр Елиагийн туслах байжээ. Яваандаа Ехова түүгээр ч бас гайхамшиг үйлдүүлдэг болов. Нэгэн өдөр Елиша Шунем хотод очсонд тэндхийн нэг эмэгтэй түүнд сайхан сэтгэлээр ханджээ. Хожим нь тэр эмэгтэй хүүтэй болсон юм.

Хүү овоо том болсон байлаа. Тэгээд нэг өглөө талбай дээр ажиллаж байсан аав дээрээ очихоор явж байснаа гэнэт: «Толгой өвдөөд байна!» гэж орилов. Хүүг гэрт нь авчиртал нас баржээ. Ээжид нь хэчнээн харуусалтай байсан бол! Эмэгтэй тэр дороо л Елиша уруу явжээ.

Елиша хүрч ирээд, нас барсан хүүхэд байгаа өрөөнд орж, Еховад залбираад, хүүгийн бие дээр хэвтэв. Удалгүй хүүгийн бие бүлээн болж, долоон удаа найтаав. Ээж нь өрөөнд орж ирэхдээ хүүгийнхээ амьд байгааг хараад хэчнээн их баярласан гээч!

Өнөөдрийг хүртэл их олон хүн нас барсан. Энэ нь тэдний гэр бүл, найз нөхдөд асар их уй гашуу авчирсан. Хүмүүс бид үхсэн хүнийг амилуулж чадахгүй. Харин Ехова чадна. Ехова олон сая хүнийг яаж дахин амилуулах тухай хожим үзэцгээе.

Хаадын дээд 17:8–24; Хаадын дэд 4:8–37.