Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 72

Бурхан Хезекиа хаанд тусалсан нь

Бурхан Хезекиа хаанд тусалсан нь

ЭНЭ хүн яагаад Еховад залбираад байгааг чи мэдэх үү? Тэр яагаад Еховагийн тахилын ширээний өмнө энэ захиаг тавьсан юм бол? Энэ хүнийг Хезекиа гэдэг. Израилийн хоёр овогт өмнөд хаант улсын хаан. Түүнд гай учирчээ. Яагаад?

Яагаад гэвэл Ассирийн цэргүүд 10 овогт хойд хаант улсыг аль эрт устгачихсан байлаа. Тэр нутгийн хүмүүс их муу байсан учраас Ехова ингэхийг зөвшөөрсөн юмсанж. Харин энэ удаа ассиричууд хоёр овогт хаант улстай байлдахаар ирсэн байв.

Хезекиа хаан Ассирийн хаанаас дөнгөж сая захиа аваад, түүнийгээ Бурхны өмнө тавьчихаад байгаа нь энэ. Захианд Еховаг дооглон тохуурхаж, Хезекиаг бууж өгөхийг шаардсан байв. Тийм болохоор Хезекиа: «Өө, Ехова, Ассирийн хаанаас биднийг хамгаалаач. Тэгвэл бүх үндэстэн таныг л цорын ганц Бурхан юм гэдгийг мэднэ» гэж залбирч байна. Ехова Хезекиаг сонсох болов уу?

Хезекиа сайн хаан билээ. Тэр Израилийн 10 овогт хаант улсын муу хаад болон аав Ахаз шигээ өөдгүй хаан биш байв. Еховагийн бүх хуулийг сахин биелүүлэхдээ их анхааралтай ханддаг байжээ. Тийм болохоор Хезекиаг залбирч дууссаны дараа зөнч Исаиа Еховагийн үгийг дамжуулав. Тэр нь: «Ассирийн хаан Иерусалим уруу орохгүй. Түүний цэргүүдээс нэг нь ч хот уруу ойртохгүй. Хот уруу ганц ч сум харвахгүй» гэсэн үг байлаа.

Энэ хуудсанд байгаа зургийг хар даа. Энэ үхсэн цэргүүдийн хэн болохыг чи мэдэх үү? Тэд ассиричууд. Ехова тэнгэр элчээ илгээсэнд тэр тэнгэр элч ганц шөнийн дотор Ассирийн 185 000 цэргийг алжээ. Тэгэхэд нь Ассирийн хаан байлдахаа болиод, гэртээ буцсан аж.

Хоёр овогт хаант улс аврагдаж, ард олон хэсэг зуур амар тайван болов. Хезекиаг нас барсны дараа хүү Манассе нь хаан болжээ. Манассе, түүний хүү Амон нар их муу хаад байлаа. Тийм учраас хаант улс дахиад л гэмт хэрэг, хүчирхийллээр дүүрчээ. Амон хааныг зарц нарынхаа гарт амь үрэгдсэний дараа түүний хүү Иосиа хоёр овогт хаант улсын хаан болсон юм.

Хаадын дэд 18:1–36; 19:1–37; 21:1–25.