Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 73

Израилийн сүүлчийн сайн хаан

Израилийн сүүлчийн сайн хаан

ИОСИА Израилийн хоёр овогт өмнөд хаант улсын хаан болохдоо наймхан настай байлаа. Хаан байхад дэндүү балчирдаж байсан учир улс үндэстнээ удирдахад нь томчууд түүнд тусалдаг байв.

Иосиа хаан болоод долоон жилийн дараа Еховад идэвхтэй үйлчилж эхэлжээ. Тэр, Давид Иехошафат Хезекиа зэрэг сайн хаадын жишээг дагасан юм. Өсвөр насандаа нэг зоримог алхам хийжээ.

Израильчуудын ихэнх нь муу хэрэг хийсээр уджээ. Тэд хуурамч бурхдыг шүтэж, хиймэл шүтээнд мөргөдөг байсан. Тийм учраас Иосиа хуурамч шүтээнийг нутгаасаа зайлуулахаар зарц нараа аваад явжээ. Олон хүн хуурамч бурхад шүтдэг байсан болохоор энэ нь их хэцүү ажил байлаа. Иосиа зарц нартайгаа хамт хиймэл шүтээнүүдийг эвдэн сүйтгэж байгааг чи эндээс харж байна.

Дараа нь Иосиа Еховагийн сүм засах ажлыг хариуцуулахаар гурван хүн томилов. Шаардлагатай ажилд нь зориулан ард олноос мөнгө цуглуулж, энэ гуравт өглөө. Тэднийг сүмд ажиллаж байх үеэр тэргүүн тахилч Хилкиа тэндээс нэг чухал юм олжээ. Тэр нь их олон жилийн өмнө Еховагийн Мосегоор бичүүлсэн хуулийн ном байлаа. Энэ ном алга болоод олон жил болсон байжээ.

Тэр номыг Иосиад аваачихад, уншиж өгөхийг гуйжээ. Иосиа үүнийг сонсож байхдаа, израильчууд Еховагийн хуулийг сахин биелүүлдэггүйг ойлгов. Тэгээд гутарч, хувцсаа хүү татан урж байгааг чи зураг дээрээс харж байна. «Ехова бидэнд маш их уурлаж байгаа. Яагаад гэвэл бидний эцгүүд энэ номд бичсэн хуулийг сахиагүй юм байна» гэж тэр хэллээ.

Өөрсдийг нь Ехова яах гэж байгааг олж мэдэхийг Иосиа тэргүүн тахилч Хилкиад тушаасанд Хилкиа, Хулда гэдэг зөнч эмэгтэй дээр очиж асуув. Хулда Еховагийн үгийг Иосиад дамжуулав. Тэр үг нь: «Иерусалим болон бүх ард түмэн шийтгэл хүртэнэ. Учир нь тэд хуурамч бурхдыг шүтдэг бөгөөд энэ нутаг муу явдлаар дүүрсэн. Гэвч Иосиа чи зөв сайн үйл хийсэн тул чамайг нас барсны дараа л энэ шийтгэл ирнэ» гэсэн байжээ.

Шастирын дэд 34:1–28.