Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 74

Аймшиггүй зоригт хүн

Аймшиггүй зоригт хүн

ХҮМҮҮСИЙН элэг доог болж байгаа энэ залууг хараач. Түүний хэн болохыг чи мэдэх үү? Тэр бол Бурхны алдартай зөнч Иеремиа юм.

Иосиа хааныг нутагтаа байсан хиймэл шүтээнүүдийг устгаж эхэлсний дараахан Ехова Иеремиаг зөнчөө болгомоор байгаагаа хэлжээ. Гэвч Иеремиа өөрийгөө зөнч болоход дэндүү залуу байна гэж боджээ. Харин Ехова түүнд туслахаа амлав.

Иеремиа израильчуудад, муу юм хийхээ болихыг уриалж: «Олон үндэстний шүтдэг бурхад нь хуурамч» гэж хэлэв. Гэвч олон израиль хүнд жинхэнэ Бурхан Еховаг шүтсэнээс хиймэл бурхад шүтэх нь илүү дээр санагджээ. Муу үйлийнх нь төлөө Бурхан тэднийг шийтгэнэ гэж Иеремиаг хэлэхэд тэд шоолон инээлдэж байлаа.

Он жил өнгөрөв. Иосиаг нас эцэслэснээс хойш гурван сарын дараа хүү Иехоиаким нь хаан болжээ. Иеремиа урьдын адил: «Та нар муу замаа засахгүй бол Иерусалим устгагдана» гэж ард олонд хэлж байлаа. Тахилчид Иеремиаг барьж аваад: «Чи ингэж хэлснийхээ төлөө үхэх ёстой» гэж хашгиралдав. Дараа нь тэд Израилийн ноёдод: «Иеремиа манай хотыг эсэргүүцэн ярьсан учраас түүнийг алах хэрэгтэй» гэж хэлэв.

Одоо Иеремиа яах бол? Тэр огтхон ч айсангүй! «Энэ үгийг та нарт хэл гэж Ехова намайг явуулсан юм. Та нар муу амьдралаа өөрчлөхгүй бол Ехова Иерусалимыг устгана. Харин та нар намайг албал буруугүй хүн ална гэдгээ мэдэж авцгаа» гэж Иеремиа тэдэнд хэлэв.

Тэр ноёд Иеремиаг амьд үлдээсэн боловч израильчууд муу замаа зассангүй. Хожим Вавилоны хаан Небухаднезар Иерусалимтай тулалдсан юм. Эцэст нь Небухаднезар израильчуудыг боолоо болгосон билээ. Тэр олон мянган хүнийг Вавилон уруу авч явсан. Огт танихгүй хүмүүс чамайг гэрээс чинь алс хол, чиний мэдэхгүй газар аваачвал ямар байхыг бодоод үз дээ!

Иеремиа 1:1–8; 10:1–5; 26:1–16; Хаадын дэд 24:1–17.