Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 75

Вавилонд олзлогдсон дөрвөн хөвгүүн

Вавилонд олзлогдсон дөрвөн хөвгүүн

НЕБУХАДНЕЗАР хаан хамгийн их эрдэм мэдлэгтэй бүх израиль хүнийг Вавилон уруу авч явжээ. Тэгээд тэдний дундаас царайлаг, ухаалаг залуусыг сонгов. Чи тэдний дөрвийг харж байна. Нэг нь Даниел, нөгөө гурвыг нь вавилончууд Шадрах Мешах Абед-него гэж нэрлэжээ.

Небухаднезар тэр залуусыг ордныхоо туслах болгон бэлтгэе гэж бодож байлаа. Гурван жил бэлтгэсний дараа тэднээс хамгийн ухаалаг хэдийг нь сонгож, зөвлөхүүдээ болгох ажээ. Хөвгүүдийг бэлтгэх зуураа хүчтэй, эрүүл чийрэг байлгахыг хаан хүсэж байлаа. Тийм учраас яг өөрийнх нь болон гэр бүлийнх нь идэж уудаг шиг хоол хүнс, дарснаас тэдэнд өгч байхыг зарц нартаа тушаажээ.

Залуу Даниелыг хараач. Небухаднезарын зарц нарын тэргүүн Ашпеназад юу гэж хэлж байна аа? Хааны ширээнээс элбэг дэлбэг хоол унд идмээргүй байна гэж хэлж байна. Гэтэл Ашпеназын сэтгэл зовов. «Та нарын юу идэж, уухыг хаан шийдсэн. Хэрэв та нар бусад хөвгүүд шиг эрүүл чийрэг харагдахгүй бол хаан намайг алах байх» гэж тэр хэллээ.

Тэгэхэд нь Даниел өөрийг нь болон гурван найзыг нь харгалзуулахаар Ашпеназын томилсон хүн дээр очоод: «Бидэнд идэх ногоо, уух ус өгч 10 өдөр туршаач. Дараа нь биднийг хааны хоолноос идсэн хөвгүүдтэй харьцуулж, хэн нь сайн байгааг харна уу» гэлээ.

Харгалзагч үүнийг зөвшөөрчээ. 10 өдөр өнгөрөхөд Даниел гурван найзынхаа хамт бусад залуусаас илүү эрүүл чийрэг харагдаж байлаа. Ингээд харгалзагч тэдэнд хааны хоолны оронд ногоо өгч идүүлж байхаар болов.

Гурван жилийн эцэст бүх залууг Небухаднезар уруу авчрав. Хаан бүгдтэй нь ярилцсаны дараа Даниел болон түүний гурван найзыг хамгийн ухаалаг гэж үзэв. Тиймээс тэднийг өөртөө туслуулахаар ордондоо үлдээв. Даниел Шадрах Мешах Абед-него нараас ямар ч асуулт асуух юм уу, эсвэл бэрх асуудал шийдүүлэхэд Вавилоны тахилчид болон мэргэдээс 10 дахин илүү мэддэг байсан юм.

Даниел 1:1–21.