Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 79

Даниел арслангийн нүхэнд

Даниел арслангийн нүхэнд

ЭЭ, ХАЛАГ! Даниелд аюул учирч дээ. Гэхдээ арслангууд түүнийг яах ч үгүй байх юм! Яагаад тэр билээ? Даниелыг хэн энэ арслангуудтай хамт ийш нь хийчихдэг байна аа? Олж мэдэцгээе.

Одоо Вавилоныг Дариус гэдэг хаан захирах болжээ. Даниел сайхан сэтгэлтэй, ухаалаг болохоороо хаанд их таалагддаг байв. Тийм учраас Дариус түүнийг хаант улсынхаа тэргүүн захирагчаар томилжээ. Үүнээс болоод хаант улсын бусад түшмэл Даниелд атаархаж, ийм нэгэн зүйл хийхэд хүрчээ.

Тэд Дариус дээр очоод: «Хаантан минь, бид ярилцаад, 30 өдрийн дотор нэг ч хүн хаан танаас өөр хэнд ч, юунд ч залбирч болохгүй гэсэн хууль гаргах хэрэгтэй гэж тогтлоо. Хууль зөрчсөн хэнийг ч болов арсланд хаяж өгье» гэв. Тэр хүмүүс яагаад ийм хууль гаргуулахыг хүссэнийг Дариус мэдсэнгүй. Гэсэн ч, энэ сайхан санаа байна гэж бодоод, тийм хууль гаргажээ. Ингээд хуулийг өөрчлөх ямар ч аргагүй болов.

Даниел тэр хуулийн тухай дуулаад, гэртээ ирж, заншсан ёсоороо залбирлаа. Еховад залбирахаа болихгүй гэдгийг нь тэр муу хүмүүс мэдэж байв. Түүнээс ангижрах гэсэн төлөвлөгөө нь бүтсэн юм шиг санагдсан тул тэд их баяртай байлаа.

Тэднийг тийм хууль гаргахыг хүсээд байсны учрыг Дариус хаан мэдээд, их харамсав. Гэвч, хуулийг өөрчлөх аргагүй болохоор Даниелыг арслангийн нүхэнд хаях тушаал өгөх ёстой болжээ. Тэгэхдээ хаан: «Чиний шүтдэг Бурхан чамайг аварна гэж найдаж байна» гэж хэллээ.

Дариусын сэтгэл их зовж, шөнө ч унтаж чадсангүй. Маргааш өглөө нь хаан, арслангийн нүх уруу гүйж очив. Түүнийг зураг дээр дүрсэлжээ. Тэр: «Амьд Бурхны үйлчлэгч Даниел аа! Чиний шүтдэг Бурхан чамайг арслангаас аварсан уу?» гэж хашгирлаа.

— Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан учраас тэд надад хүрээгүй гэж Даниел хариулав.

Хаан тун ч баяртай байлаа. Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Дараа нь түүнээс ангижрахыг оролдсон муу хүмүүсийг арслангийн нүхэнд хаялаа. Нүхний ёроолд хүрэхээс өмнө арслангууд тэднийг шүүрч аваад, хамаг ясыг нь бутлан хаяжээ.

Дараа нь Дариус хаан, хаант улсынхаа бүх ард түмэнд: «Хүн бүр Даниелын Бурхныг хүндэтгэх ёстой гэж би тушааж байна. Тэр бол агуу гайхамшиг үйлддэг Бурхан. Даниелыг арслангийн хоол болох аюулаас аварсан юм» гэсэн захидал бичжээ.

Даниел 6:1–28.