Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 80

Бурхны ард түмэн Вавилоноос явсан нь

Бурхны ард түмэн Вавилоноос явсан нь

ВАВИЛОН меде, персүүдэд эзлэгдээд, бараг хоёр жил өнгөрчээ. Одоо энд юу болж байгааг хараач! Тийм байна, израильчууд Вавилоноос явж байна. Тэд яаж суллагдсан юм бол? Явахыг нь хэн зөвшөөрөв?

Персийн хаан Кореш зөвшөөрчээ. Корешийг төрөхөөс бүр өмнө Ехова түүний тухай: «Чи миний хүссэнийг хийнэ. Хотыг эзлэхэд чинь хаалганууд чиний төлөө нээлттэй байх болно» гэж Исаиа зөнчөөрөө бичүүлжээ. Үнэхээр ч Кореш Вавилоныг эзлэн авах аян дайныг удирдсан билээ. Меде, персүүд шөнө дунд хот уруу орох үед хаалга онгорхой байжээ.

Кореш Иерусалим болон сүмийг дахин барих тушаал өгнө гэж Еховагийн зөнч Исаиа бас хэлжээ. Кореш ийм тушаал өгсөн үү? Өгсөн. Тэр израильчуудад: «Та нар Иерусалим уруу явж, Ехова Бурхныхаа сүмийг барьцгаа» гэж хэлсэн. Тэгээд л израильчууд яг энэ тушаалыг биелүүлэхээр явж байгаа нь энэ.

Гэвч Вавилонд байсан израильчууд бүгдээрээ Иерусалим уруу буцах алсын замд гарч чадаагүй юм. Учир нь энэ зам 800 километр орчим урт, бас өвчтэй, хөгшин хүн олон байлаа. Мөн зарим хүн өөр бусад шалтгаанаас болоод явж чадаагүй. Гэхдээ Кореш тэдэнд: «Иерусалим болон сүм барихаар явж байгаа хүмүүст алт, мөнгө, бэлэг сэлт өгцгөө» гэж тушаасан аж.

Тийнхүү Иерусалим уруу явах хүмүүст их хэмжээний бэлэг сэлт өгсөн юм. Бас Кореш тэдэнд Еховагийн сүмийн аяга болон хулнуудыг өгчээ. Тэдгээрийг Небухаднезар хаан Иерусалимыг устгахдаа авсан байсан шүү дээ. Израильчууд Иерусалим уруу их эд зүйл авч явжээ.

Тэд дөрвөн сар орчим аялсны эцэст Иерусалимд цагтаа иржээ. Хот сүйрч, нутаг орон эзгүйрээд, яг 70 жил болсон байв. Хэдийгээр израильчууд эх нутагтаа ирсэн боловч нэг хэсэгтээ хэцүү бэрх цаг үетэй тулгарах тухай дараа үзнэ.

Исаиа 44:28; 45:1–4; Езра 1:1–11.