Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 82

Мордехаи Естер хоёр

Мордехаи Естер хоёр

ЕЗРАГ Иерусалимд очихоос хэдхэн жилийн өмнөх үе уруу эргэн очицгооё. Мордехаи Естер хоёр Персийн хаант улсын хамгийн нөлөө бүхий израиль хүмүүс байлаа. Естер нь хатан, үеэл ах Мордехаи нь хааны дараа орох хүн байв. Яаж ийм болсныг мэдэцгээе.

Естерийг бага байхад эцэг эх нь нас барж, Мордехаи түүнийг өсгөжээ. Персийн хаан Ахашверош Суса хотод ордонтой, ордны зарц нарын нэг нь Мордехаи байлаа. Нэгэн өдөр Вашти хатан үгэнд нь ороогүй учраас хаан өөр эмэгтэйг хатнаа болгохоор сонгов. Сонгосон бүсгүйг нь чи мэдэх үү? Тийм ээ, үзэсгэлэнтэй, залуухан Естер байлаа.

Хүмүүсийг өөртөө мэхийн ёслуулж байгаа энэ ихэмсэг бардам хүнийг харж байна уу? Энэ бол Хаман. Персийн их нөлөө бүхий хүн. Хаман энд сууж байгаа Мордехаиг ч бас өөртөө мэхийн ёслуулахыг хүсэж байлаа. Гэвч Мордехаи тэгэхийг хүссэнгүй. Ийм муу хүнд мэхийн ёслох нь буруу гэж үзжээ. Үүнээс болоод Хаман ихэд уурлав. Тэгээд ийм нэг арга сэджээ.

Хаман израильчуудын талаар хаанд: «Тэд таны хуулийг дагадаггүй муу хүмүүс. Тэд үхэх ёстой» гэж худлаа хэлжээ. Ахашверош Естер хатнаа израиль хүн гэдгийг мэдээгүй байв. Тийм болохоор Хаманы үгэнд орж, нэг өдөр бүх израильчуудыг алах хууль гаргажээ.

Мордехаи хуулийн тухай дуулаад, сэтгэл нь их зовов. Тэгээд Естерт: «Чи хаанд хэлж, биднийг хамгаалахыг гуйх ёстой» гэж хэлүүллээ. Урилгагүй очиж хаанд бараалхах нь Персийн хуульд хориотой зүйл юм. Гэтэл Естер урилгагүй очив. Хаан түүн уруу алтан таягаа сунгалаа. Энэ нь, Естер үхэхгүй гэсэн утгатай аж. Естер, хаан Хаман хоёрыг том найранд урив. Найран дээр хаан Естерээс юу хүсэж байгааг нь асуужээ. Естер, хаан Хаман хоёрыг дараагийн өдөр болох найран дээр ирвэл хэлнэ гэв.

Тэр найран дээр Естер: «Миний ард түмнийг, бас намайг алах гэж байна» гэж хаанд хэлэв. Хаан: «Хэн тийм юм хийж зүрхэлнэ вэ?» гэж уурсангуй асуулаа.

— Тэр дайсан бол энэ хорон санаат Хаман! гэж Естер хариулав.

Тэгтэл хаан үнэн голоосоо уурлаж, Хаманыг алахыг тушаалаа. Дараа нь Мордехаиг эрх мэдлээр өөрийнхөө дараа орох хүн болгов. Тэгэхэд нь Мордехаи израильчуудыг алах өдөр амиа хамгаалан тэмцэхийг зөвшөөрсөн шинэ хууль гаргуулахаар болжээ. Мордехаи ийм чухал хүн болсон болохоор олон хүн израильчуудад тусалж, израильчууд дайснуудаасаа аврагдсан юм.

«Естер» ном.