Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 83

Иерусалимын хэрэм

Иерусалимын хэрэм

ЭНД ямар ажил өрнөж байгааг хараач. Израильчууд Иерусалимын хэрмийг бариад завгүй байна. 152 жилийн өмнө Небухаднезар хаан Иерусалимыг устгахдаа, хэрмийг нь нураан, хотын хаалгануудыг шатаасан билээ. Эхний удаа Вавилоноос эргэж ирсэн израильчууд хэрмийг сэргээн бариагүй юм.

Хүмүүс хэрэмгүй хотод ийм олон жил амьдрахдаа яаж байсан бол? Сэтгэл түгшиж байсан. Дайснууд нь халдаж ирээд, эзлээд авчихад амархан байлаа. Харин одоо Нехемиа гэдэг энэ хүн хэрмийг дахин барихад нь хүмүүст тусалж байна. Нехемиа гэж хэн болохыг чи мэдэх үү?

Нехемиа бол Мордехаи Естер хоёрын амьдардаг Суса хотоос ирсэн израиль хүн юм. Хааны ордонд үйлчилж байсан учир Мордехаи Естер хатан хоёрын сайн анд нь байсан байх аа. Гэхдээ Библид Нехемиаг Естерийн нөхөр Ахашверош хааны үед үйлчилж байсан гэж бичээгүй. Ахашверошийн дараах Артаксеркс хааны үед үйлчилж байжээ.

Артаксеркс бол Езраг Иерусалим уруу явахад нь Еховагийн сүмийг засах мөнгө өгсөн сайн хаан байсныг чи санаж байгаа биз дээ. Гэвч Езра хотын нурсан хэрмийг сэргээн бариагүй юм. Нехемиа энэ ажлыг яаж хийх болсны учрыг мэдэцгээе.

Артаксеркс Езрад сүмийг сэргээн засах мөнгө өгснөөс хойш 13 жил өнгөрчээ. Нехемиа, Артаксеркс хааны ахлах сөнч ажээ. Энэ нь хаанд дарс сөгнөж өгдөг бөгөөд нэг ч хүнд хааныг хорлох завдал өгдөггүй хүн юм. Энэ их хариуцлагатай ажил байлаа.

Нэг өдөр Нехемиагийн садан төрлийн Ханани болон хэдэн хүн Израилиас Нехемиа дээр ирэв. Тэд израильчуудад тохиолдож байгаа гай зовлонгийн тухай, мөн Иерусалимын хэрэм одоо хир нь балгас хэвээрээ байгаа тухай ярилаа. Үүнээс болоод Нехемиа гуньж гутран, энэ талаар Еховад залбирав.

Нэгэн удаа хаан, Нехемиагийн гунигтай байгааг ажиглаад: «Чи юунд ингэтлээ гуниглана вэ?» гэж асуулаа. Иерусалим их хэцүү байдалтай болж, хэрэм нь нураастай байгааг Нехемиа хэлэв. «Тэгээд чи яамаар байна?» гэж хаан асуулаа.

«Намайг Иерусалим уруу явуулаач. Хэрмийг нь сэргээн барья» гэж Нехемиа гуйв. Артаксеркс хаан их сайхан сэтгэлтэй хүн байсан тул Нехемиаг явахыг зөвшөөрч, барилгын ажилд хэрэгтэй мод авахад нь тусалжээ. Тэгээд удалгүй Нехемиа Иерусалимд ирж, төлөвлөгөөгөө ард олонд хэлэв. Тэдэнд тэр санаа таалагдсан тул: «Барьж эхэлцгээе» гэжээ.

Израильчуудыг хэрэм барьж байгааг дайснууд нь хараад: «Очиж, тэднийг алаад, барилгын ажлыг нь зогсооё» гэж хэлэлцэв. Гэвч Нехемиа энэ тухай сонсоод, ажилчдад сэлэм, жад өглөө. Тэгээд: «Дайснуудаасаа айх хэрэггүй. Ах дүүс, эхнэр хүүхэд, орон гэрийнхээ төлөө тулалдацгаа» гэв.

Хүмүүс их зоригтой байлаа. Зэвсгээ өдөр шөнөгүй бэлэн байлгаж, барилгаа барьсаар байв. Ердөө 52 өдрийн дотор хэрмээ барьж дуусгав. Одоо л хүмүүс хотдоо айх аюулгүй амьдрах боллоо. Нехемиа Езра хоёр, израильчуудад Бурхны хуулийг зааж, олон түмэн ч баяртай байлаа..

Гэвч Бурхны ард түмний амьдрал Вавилонд олзлогдохоосоо өмнөх шиг байсангүй. Израильчууд Персийн хаанд захирагдаж, түүнд үйлчлэх ёстой байлаа. Гэтэл Ехова энх тайвныг авчрах шинэ хааныг илгээнэ гэж хүмүүст амласан байдаг. Тэр хаан нь хэн бэ? Дэлхий дээр яаж энх тайвныг тогтоох юм бол? Энэ зүйл тодорхой болохоос өмнө 450 орчим жил өнгөрнө. Тэгээд дараа нь нэгэн хүү төрөх бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох ажээ. Харин энэ нь бидний үзэх дараагийн өгүүллэг юм.

Нехемиа 1—6-р бүлэг.