Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 94

Есүс хүүхдэд хайртай

Есүс хүүхдэд хайртай

БЯЦХАН хүү тэвэрсэн Есүсийг хараач. Хүүхдэд үнэхээр халамжтай нь харагдаж байна. Түүнийг харж байгаа хүмүүс бол Есүсийн элч нар. Есүс тэдэнд юу гэж хэлж байна вэ? Мэдэцгээе.

Есүс элч нарынхаа хамт холын аянаас дөнгөж ирчихээд байлаа. Замдаа элч нар хоорондоо маргалджээ. Аяллын дараа Есүс тэднээс: «Та нар замдаа юун тухай маргалдаад байв аа?» гэж асуув. Үнэн хэрэгтээ, Есүс маргааны тухай мэдэж байлаа. Гагцхүү, элч нар нь үнэнээ хэлэх нь үү, үгүй юү гэдгийг харахын тулд асуусан юм байж л дээ.

Элч нар юу ч хариулсангүй. Учир нь тэд хэн нь хамгийн агуу болох тухай маргасан юмсанжээ. Агуу болохыг хүсэх нь буруу гэдгийг Есүс тэдэнд яаж ойлгуулах бол?

Есүс нэг бяцхан хүүг дуудаад, тэдний өмнө зогсоов. Тэгээд элч нартаа: «Би та нарт үүнийг заавал мэдүүлмээр байна. Та нар өөрчлөгдөж, хүүхэд шиг болохгүй бол хэзээ ч Бурхны Хаанчлалд орохгүй. Энэ хүүхэд шиг болсон нэг нь Хаанчлалд хамгийн агуу болно» гэж хэллээ. Есүс яагаад ингэж хэлснийг чи мэдэх үү?

Ер нь бүр жаахан хүүхэд бусдаас агуу байя, илүү байя гэж боддоггүй. Тийм болохоор, элч нар хүүхдүүдээс суралцаж, агуу байх, илүү байх гэж маргалдах ёсгүй байжээ.

Есүс хүүхдэд хайртайгаа нэг биш удаа харуулсан билээ. Хэдэн сарын дараа зарим хүн хүүхдүүдээ Есүс дээр авчрав. Элч нар тэднийг хориглох гэтэл Есүс элч нартаа: «Хүүхдүүдийг над уруу ирүүл, тэднийг бүү хорь, учир нь Бурхны Хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм» гэж хэллээ. Тэгээд Есүс хүүхдүүдийг тэврээд, ерөөжээ. Есүс хүүхдэд хайртай гэдгийг мэдэх нь сайхан байгаа биз дээ?