Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 99

Дээд давхрын өрөөнд

Дээд давхрын өрөөнд

ХОЁР өдөр өнгөрч, пүрэв гаригийн үдэш болжээ. Есүс 12 элчийнхээ хамт Дээгүүр өнгөрөх баярын зоог барихаар нэгэн байшингийн дээд давхрын энэ том өрөөнд орж ирсэн байлаа. Үүдээр гарч яваа хүн бол Искариотын Иудас. Есүсийг яаж олж болохыг тахилчдад хэлэхээр явж байна.

Ганцхан өдрийн өмнө Иудас тэдэн дээр очоод: «Есүсийг барихад тань тусалбал юу өгөх юм бэ?» гэж асуухад, тэд: «Гучин мөнгөн зоос» гэж хариулсан ажээ. Тийм болохоор одоо Иудас тэдэнтэй уулзахаар явж байна. Тэгээд тэднийг дагуулан, Есүс дээр авч ирэх аж. Муухай байгаа биз?

Дээгүүр өнгөрөх баярын зоог дуусав. Гэтэл Есүс өөр нэгэн онцгой зоог барих боллоо. Тэр элч нартаа талх өгөөд: «Май, идэцгээ. Энэ бол та нарын төлөө өгөх биеийг минь төлөөлнө» гэв. Дараа нь аягатай дарс өгч: «Үүнээс ууцгаа. Энэ бол та нарын төлөө урсах цусыг минь төлөөлнө» гэлээ. Библид энэ өвөрмөц үйл явдлыг «Эзний оройн зоог» гэдэг.

Бурхны тэнгэр элч израильчуудыг Египетэд байхад тэдний гэрийн «дээгүүр өнгөрч», египетчүүдийн гэрт байсан ууган болгоныг алсан билээ. Үүнийг санахын тулд израильчууд Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэдэг байв. Харин одоо бол Есүс дагалдагчдынхаа төлөө амиа өгснийг нь дурсан тэмдэглэж байгаасай гэж хүсэж байлаа. Ийм учраас жил бүр ийм онцгой зоог барьж байхыг дагалдагчдадаа тушаажээ.

Эзний оройн зоогийн дараа Есүс элч нартаа бат итгэлтэй, зоригтой байхыг захилаа. Ингээд тэд Бурханд магтуу дуулсныхаа дараа гарч явав. Их орой болсон байлаа. Бүр шөнө дунд өнгөрчихсөн ч байж магадгүй. Тэднийг хаашаа явсныг мэдэцгээе.