Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 102

Дахин амилсан Есүс

Дахин амилсан Есүс

ЭНД байгаа нэг эмэгтэй, хоёр эрэгтэйн хэн болохыг чи мэдэх үү? Эмэгтэй нь Есүсийн шавь, Магдалын Мариа. Цагаан хувцастай хоёр хүн бол тэнгэр элчүүд. Мариагийн шагайн харж байгаа энэ жижиг өрөө бол Есүсийн цогцсыг тавьсан газар буюу булш юм. Гэтэл энд Есүсийн цогцос алга! Хэн авчихсан юм бол оо? Мэдэцгээе.

Есүсийг үхсэний дараа тахилчид Пилатад: «Есүс амьд байхдаа, гурван өдрийн дараа дахин амилна гэж хэлж байсан. Тиймээс булшийг хамгаалахыг тушаана уу. Тэгвэл шавь нар нь Есүсийн цогцсыг хулгайлаад, түүнийг дахин амилсан гэж хэлэх аргагүй болно!» гэжээ. Пилат булшийг хамгаалах цэрэг явуулахыг тахилчдад тушаав.

Гэтэл Есүсийг үхсэнээс хойш гурав дахь өдрийн өглөө эрт Еховагийн тэнгэр элч гэнэт иржээ. Тэр булшны чулууг өнхрүүлэв. Цэргүүд айсандаа хөдөлж ч чадсангүй. Эцэст нь тэднийг булш уруу хартал цогцос алга болсон байлаа! Цэргүүдийн зарим нь хот уруу явж, тахилчдад энэ тухай ярив. Өөдгүй тэр тахилчид яасныг чи мэдэх үү? Цэргүүдээр худал хэлүүлэх гэж мөнгө өгөөд: «Шөнө биднийг унтаж байх хооронд шавь нар нь ирээд, цогцсыг хулгайлжээ гэж хэл» хэмээн тушаав.

Энэ үеэр Есүсийн шавь зарим эмэгтэй булш уруу очжээ. Булш хоосон байгааг хараад, тэд хэчнээн их гайхсан гээч! Гэнэт, цагаан хувцастай хоёр тэнгэр элч үзэгдэв. Тэд: «Та нар юунд эндээс Есүсийг хайна вэ? Тэр дахин амилсан. Хурдан явж, шавь нарт нь хэл» гэлээ. Эмэгтэйчүүд хар хурдаараа гүйв! Гэтэл нэг хүн тэднийг замд нь зогсоов. Тэр хэн бэ, чи мэдэх үү? Тэр бол Есүс! «Миний шавь нарт очиж хэл» гэж тэр хэллээ.

Эмэгтэйчүүд Есүсийн амьд байгааг үзсэн гэж шавь нарт хэлэхэд тэд итгэж чадахгүй байлаа. Петр Иохан хоёр өөрсдөө харахаар булш уруу гүйж очтол хоосон байв! Тэр хоёрыг буцах болоход Магдалын Мариа тэндээ үлджээ. Тэгээд түүнийг дотогш хартал хоёр тэнгэр элч үзэгдсэн нь энэ юм байжээ.

Есүсийн цогцос яасныг чи мэдэх үү? Бурхан алга болгожээ. Бурхан Есүсийг махан биеэр нь дахин амилуулаагүй. Түүнд яг л тэнгэр элчийнх шиг сүнсэн бие шинээр өгсөн. Гэхдээ Есүс амьд байгаагаа шавь нартаа үзүүлэхийн тулд хүний нүдэнд үзэгддэг махан биетэй болж чаддагийг бид үзэх болно.