Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 103

Цоожтой өрөөнд орж ирсэн нь

Цоожтой өрөөнд орж ирсэн нь

ПЕТР Иохан хоёрыг Есүсийн цогцос байсан газраас явсны дараа Мариа тэнд ганцаараа үлдээд, уйлж гарав. Дараа нь өмнөх зураг дээр дүрсэлсний адил булш уруу тонгойн, дотогш хартал хоёр тэнгэр элч байж байлаа! Тэд түүнээс: «Чи юунд уйлна вэ?» гэж асуув.

Мариа: «Эзнийг минь аваад явчихаж. Хаана тавьсныг нь би мэдэхгүй байна» гэлээ. Дараа нь Мариаг эргэн хартал нэг хүн байж байв. Тэр хүн түүнээс: «Чи хэнийг хайж байгаа юм бэ?» гэж асуулаа.

Мариа түүнийг цэцэрлэгч байх, энэ хүн Есүсийн цогцсыг авсан юм болов уу гэж боджээ. Тэгээд: «Та цогцсыг нь авсан бол хаана тавьснаа хэлээч» гэв. Гэтэл, үнэндээ, тэр хүн нь Есүс байлаа. Тэрбээр Мариад танигдахааргүй байв. Өөрийг нь нэрээр нь дуудмагц Мариа түүнийг Есүс мөн гэж ойлгов. Тэгээд тэр дороо шавь нар уруу гүйн очиж: «Би Эзнийг харлаа!» гэж хэлжээ.

Тэр өдөр, энэ явдлын дараахан хоёр шавийг Еммау тосгон уруу явж байхад нэгэн хүн тэдэнтэй зам нийлэв. Тэр хоёр Есүсийг алагдсанд их гашуудаж байлаа. Гэвч зам зуураа тэр хүн Библиэс олон юм тайлбарлаж, тэдний сэтгэлийг засжээ. Эцэст нь тэд хооллохоор буудаллахдаа нөгөө хүнээ Есүс болохыг таньжээ. Дараа нь Есүс алга болсонд хоёр шавь энэ явдлын тухай элч нарт хэлэхээр Иерусалимын зүг яаран буцлаа.

Энэ хооронд Есүс Петрт бас үзэгджээ. Үүнийг сонссон бусад шавийнх нь сэтгэл их хөдөлсөн байлаа. Тэгтэл нөгөө хоёр шавь Иерусалимд ирж, элч нарыг олоод, замдаа Есүсийг үзсэнээ ярив. Тэднийг энэ тухай ярьж байх яг тэр үед нэгэн хачирхалтай явдал болсныг чи мэдэх үү?

Энэ зургийг хар даа. Хаалга цоожтой байсан ч Есүс яг энэ өрөөнд ороод ирэх нь тэр. Шавь нар нь ямар их баярласан гээч! Сэтгэл хөдлөм өдөр биш гэж үү? Есүс дагалдагчдадаа хэдэн удаа үзэгдчихээд байгааг чи хэлж чадах уу? Таван удаа байгаа биз?

Есүсийг үзэгдэх үед элч Томас тэнд байсангүй. Тийм болохоор шавь нарыг: «Бид Эзнийг харсан!» гэхэд Томас, өөрөө харахаас нааш итгэхгүй гэжээ. Найман өдрийн дараа шавь нарыг цоожтой өрөөнд дахин хамт байх үед Томас ч бас тэдний дунд байж байлаа. Гэнэт Есүс өрөөнд байсан хүмүүст үзэгдэв. Томас сая л итгэлээ.